Шууд Chart

ХБНГУ болон БНСУ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2023-05-22 14:41:01

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц болон БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль нар Сөүл хотноо уулзаж хэлэлцлээ. Энэ үеэр аж үйлдвэрийн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болгох, Умард Солонгосын цөмийн зэвсэглэлийг тойрсон тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдлээ.

Германы канцлер Олаф Шольц Сөүлд буусныхаа дараа хоёр Солонгосыг заагладаг хилийн бүсэд очжээ. Тэрээр пуужингийн туршилтын үйл ажиллагаагаа зогсоохыг Умард Солонгост уриалжээ. Тэрээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёльтой хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Умард Солонгос улс баллистик пуужин ойр давтамжтайгаар туршиж байгаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчөөд зогсохгүй Солонгос, Япон болон бусад бүх бүс нутгийн улсуудад дарамт үзүүлж байгаа хэрэг юм" гэж онцоллоо. Герман улс хоёр үндэстэн болж хуваагдмал байсан үе 30 гаруй жилийн тэртээ улиран үлдсэн бол, Солонгосчуудын хувьд энэ гашуун бодит байдал хэвээр байгааг Шольц мөн тэмдэглэжээ.

Харин БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль Германы канцлертай, 2022 он гарснаас хойш 100 орчим пуужин харваж, цөмийн хөтөлбөрөө тэлэх үйл ажиллагаагаа түргэтгэж буй Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналхийллийн талаар ярилцсан тухайгаа дурдаж, Пхеньяныг цөмийн эрмэлзлээ орхиход шахалт үзүүлэх дипломат хүчин чармайлтад канцлер Шольц дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ болон БНСУ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй