Шууд Chart

Суданы нийслэл Хартум хотод анх удаа гал зогсоох дэглэм хэрэгжиж байна

2023-05-24 14:31:42

Суданы нийслэл Хартум хотын иргэд дөрөвдүгээр сарын дундаас хойш буюу байлдаан эхэлснээс хойш анх удаа гал зогсоох дэглэм хэрэгжиж байгаа талаар мэдээлжээ.

Гал зогсоох долоо дахь оролдлого даваа гарагийн 21 цаг 45 минутаас хэрэгжиж эхэлсэн байна. АНУ, Саудын Арабын зуучлалтайгаар явуулсан энэ эвлэрэл долоо хоногийн хугацаанд үргэлжлэх ёстой.

Гэвч гал зогсоох дэглэм эхэлсний дараахан Суданы армийн агаарын цэргийн хүчин “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин”-ий байршлууд руу цохилт өгсөн гэж зарим хэвлэлд мэдээлсэн байна.

“Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин” Хартум хотын ихэнх хэсэг болон түүний дагуул хотуудыг өдгөө хяналтдаа аваад байгаа гэжээ. Гэвч үүнээс хойш удалгүй Хартум болон бусад хотод гал зогссон байна.

Гал зогсоох дэглэм хэрэгжихээс хэдхэн цагийн өмнө НҮБ-ын Суданы асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Фолькер Пертес байлдааны бүсэд амьдарч байгаа, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай хүмүүст хэрэгцээт зүйлсийг нь хүргэх шаардлагатай учир хоёр талыг байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна.

Энэ удаагийн эвлэрэл өмнөхөөсөө ялгаатай нь сөргөлдөгч хоёр талаас тус бүр гурван хүн, мөн АНУ, Саудын Арабаас тус бүр гурван төлөөлөгч оролцсон, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй хороо хяналт тавин ажиллаж байна.

Мягмар гарагт АНУ Судан болон хөрш орнуудад 245 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсноо зарласан. 

Суданд тус улсын армийн тэргүүн, энэ улсыг удирддаг генерал Абдель Фаттах аль-Бурхан болон түүний орлогч, “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин”-ий командлагч, генерал Мохаммед Хамдан Дагало нарын хооронд дөрөвдүгээр сарын 15-наас хойш засаглалын төлөөх тулалдаан үргэлжилж байна.

Байлдааны улмаас энэ улсад хэдэн зуун хүн амиа алдаж, сая гаруй хүн орон гэрээ орхижээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Суданы нийслэл Хартум хотод анх удаа гал зогсоох дэглэм хэрэгжиж байна   
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй