Шууд Chart

Белгород мужийн засаг захиргаа бүсэд тогтоосон сөрөх террорист ажиллагааны дэглэмээ цуцлав

2023-05-24 14:43:56

Оросын Белгород мужийн засаг захиргаа Украины хорлон сүйтгэгчдээс болоод бүсэд тогтоосон сөрөх террорист ажиллагааны дэглэмээ мягмар гарагт цуцалжээ.

Халдлагын улмаас энгийн номхон хоёр иргэн амиа алдаж, 13 хүн шархадсаныг бүсийн тэргүүн Вячеслав Гладков мэдэгдсэн байна.

“Оросын эрх чөлөө”, “Оросын сайн дурын корпус” зэрэг бүлэглэлийн хорлон сүйтгэгчид даваа гарагт Белгород мужийн Грайворон тойрогт орж ирсэн гэж Оросын БХЯ мягмар гарагт зарласан. Ингээд тэднээс 70 гаруйг нь хөнөөж, 9 нэгж техникийг нь устгаж, ажиллагааг дуусгасан гэжээ.

Харин Белгород мужид гарсан халдлагуудын хариуцлагыг хүлээсэн “Оросын эрх чөлөө”, “Оросын сайн дурын корпус” бүлэглэлийнхэн Москвагаас мэдэгдэж байгаачлан олон хүнээ алдаагүй гэж мэдэгдсэн байна.

Мужид сөрөх террорист ажиллагааны дэглэм зарласантай холбогдуулан иргэд бүсээс сайн дураараа түр гарсан байна. Иргэдэд зориулан түр хоргодох байр хүртэл гаргасан гэжээ.

Украины засаг захиргаа Оросын Белгород хотод болсон үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа ч үүнтэй шууд холбоогүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна. Тэд хил давсан Украины эдгээр бүлэглэлийг Путины дэглэмтэй зэвсгээр тэмцэхээр шийдсэн оросуудаас голчлон бүрдсэн гэж зарлажээ.

Харин Оросын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Белгород мужид болсон үйл явдалд маш ихээр түгшиж байна. Энэ бол Украины зэвсэгт бүлэглэл Оросын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаагийн илрэл гэж Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Белгород мужийн засаг захиргаа бүсэд тогтоосон сөрөх террорист ажиллагааны дэглэмээ цуцлав   
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй