Шууд Chart

Бүгд найрамдахчууд дундах Трампын гол өрсөлдөгч Рон Десантис ерөнхийлөгчид нэр дэвшинэ

2023-05-26 10:23:26

Флорида муж улсын амбан захирагч Рон ДеСантис 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлалаа. Нэр дэвших тухай мэдэгдлээ тэрээр лхагва гарагт АНУ-ын Холбооны сонгуулийн комисст гаргажээ. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө тэр эхлээд Ерөнхийлөгч асан Дональд Трамптай намынхаа сунгаанд өрсөлдөх юм.

44 настай, АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин, Конгрессын гишүүн асан ДеСантис сонгуулийн кампанит ажлынхаа туршид өөрийгөө Трампаас дутах юмгүй өрсөлдөгч гэж харуулахыг чармайх бололтой. Мөн Флорида муж улсад үр дүнтэй хэрэгжүүлсэн баруун төвч мөрийн хөтөлбөрөө үндэсний хэмжээнд гаргаж ирж чадах нэр дэвшигч гэж өөрийгөө харуулахыг зорих байх гэж ажиглагчид үзэж байна. Десантис улс төрийн үзэл бодлын тал дээр, консерватизм баримталдаг. Тухайлбал, жендерийн тэгш байдал, арьс өнгө, бэлгийн чиг хандлага зэрэг асуудалд тэр хатуу чиг шугам баримталж, үр хөндөлтийг эрс буруутгадаг байна. Өнгөрсөн онд болсон АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам төсөөлж байснаас тааруу дүнтэй оролцсонд консерватив үзэлт олонх тоймчид Трампыг буруутгадаг. ДеСантис харин завсрын сонгуулиар Флорида мужид давуу ялалт байгуулж улиран сонгогджээ. ДеСантис өмнө нь бас, АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг бүтэн 8 жил хашиж, Дээд шүүхийн консерватив олонхыг бэхжүүлж чадна гэдгээрээ өөрийгөө Трампаас давуутай нэр дэвшигч болж чадна гэж ярьж байжээ. Учир нь Ерөнхийлөгч байсан хүн дахин сонгогдох нөхцөлд ердөө нэг удаа 4 жил бүрэн эрх хэрэгжүүлэх хязгаарлалт үйлчилдэг. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчид дунд НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч асан Никки Хэйли, бизнес эрхлэгч Вивек Рамасвами нар байгаа. Трампын засаг захиргаанд Дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Майк Пенс мөн сонгуулийн кампанит ажил эхлүүлж магадгүйд тооцогддог. Бүгд найрамдах нам доторх сунгаанд ялалт байгуулсан нэр дэвшигч 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчтэй халз өрсөлдөх ёстой.

Харин Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Жозеф Байден өрсөлдөх төлөвтэй байгаа. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулгаар, ДеСантис Трампаас нэлээд хол хоцорч яваа. Гэхдээ экс Ерөнхийлөгч Нью-Йоркт эрүүгийн хэргээр шалгагдах зэргээр хууль шүүхийн асуудлуудтай байгааг дөрөөлж Флоридагийн амбан захирагч ойрын саруудад Трампт дөхөж очно гэж найдаж байна. ДеСантис уг нь нэг хэсэг Трампаас илүү дэмжлэг хүлээж байсан ч Орос-Украины дайныг нутаг дэвсгэрийн маргаан гэж нэрлэн, бас чинээлэг хандивлагчидтай хийсэн уулзалтууд нь онц үр дүн өгөөгүй, бас хувь сонгогчдыг татах чадвар сул зэргээс нь болж сүүлийн үед нэр хүнд нь илтэд суларчээ.

“Твиттер”-ийн ерөнхий захирал Илон Маск, баруун төвч үзэлт бизнесмэн Дэвид Сакс нарын хөтлөн явуулсан ДеСантисын сонгуулийн кампанит ажлын албан ёсны нээлт техникийн саатлын улмаас 20 гаруй минутын туршид олон дахин гацаж тасалдсаны эцэст дахин эхэлсэн байна. “Твиттерийн орон зайд түүхэн үйл явдал”, “Нийгмийн сүлжээний анхны түүхэн тохиолдол” гэж нэрлэгдсэн ДеСантисын нээлтийн ёслол ингэж гацсаныг өрсөлдөгчид нь болон тэдний сонгуулийн штабууд шоолж шоглон хүлээж авчээ. Ерөнхийлөгч Байден гэхэд, амбан захирагчийн сонгуулийн кампанит ажилд хандив өргөх урилгыг Твиттертээ, “Энэ холбоос нь ажиллаж байна шүү” гэж нийтэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бүгд найрамдахчууд дундах Трампын гол өрсөлдөгч Рон Десантис ерөнхийлөгчид нэр дэвшинэ  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-26 18:01
Trump President

Бидэнтэй нэгдээрэй