Шууд Chart

Саудын Араб, Канад улсууд 5 жилийн дараа дипломат харилцаагаа бүрэн сэргээв

2023-05-26 10:39:22

Саудын Араб, Канад улсууд дипломат харилцаагаа өмнө байсан түвшинд нь бүрэн сэргээхээр болжээ. Хоёр улсын засгийн газар өчигдөр энэ тухай дор бүрдээ мэдэгдэл гаргасан байна. Таван жилийн өмнө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг хорьж саатуулсан хэрэг явдлаас эхлэлтэй зөрчилдөөнөө хоёр улс ийнхүү дуусгавар болгож байна.

Талуудын мэдэгдсэнээр, сая хүрсэн тохиролцоо нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Саудын Арабын угсаа залгах хунтайж Мохаммад бин Салман нарын өнгөрсөн оны 11-р сард Бангкокт хийсэн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын талбар дахь яриа хэлэлцээнээс эхлэлтэй байна. Улмаар хоёр улс элчин сайдуудаа харилцан солилцохоор болсны дагуу, Саудын Арабт суух Канадын шинэ элчин сайд томилогдсоныг зарлалаа. Энэ хоёр улсын харилцаа 2018 онд Оттавагийн зүгээс Саудын арабын эрх баригчдыг хүний эрхийн зөрчлүүдэд буруутгаж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний идэвхтнүүдийг шоронгоос суллахыг шаардсаны дараагаас эрс муудсан байдаг. Улмаар Саудын Арабын тал Канадтай байгуулсан худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ тутам гэрээ хэлцлүүдээ царцааж, Канад руу нислэг үйлдэхийг зогсоон, тэнд суралцдаг оюутнуудаа шилжүүлэх юм уу татан авч, Канадын элчин сайдыг хөөн гаргаж, өөрийн улсынхыг мөн татан авч байжээ.

Тухайн үед ажиглагчид, хүний эрхийн байдалтай холбоотой бараг энгийн гэхээр шүүмжлэлийн хариуд Эр-Риядыг хэрээс хэтэрсэн хариу үйлдэл үзүүллээ гэж ярьж бичиж байсан байна. Сүүлийн үед Саудын Араб эдийн засгийн өсөлтдөө тэргүүлэх ач холбогдол өгч, түүнээ амжилтад хүргэхийн тулд бүс нутгийн тогтвортой байдалд ихээхэн анхаарал хандуулах болж байгаа. Улмаар 1 их наяд долларын эргэлттэй энэ улсын эдийн засаг нефтийн үйлдвэрлэлээр дагнасан, хуучинсаг үзэлт улс орон гэдэг түгээмэл ойлголтыг хойш тавьж, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг, бүс нутгийнхаа бизнес, аялал жуулчлалын төв болохыг эрмэлзэх болсон байна. 2018 онд Саудын Арабт элчин сайд байсан Канадын дипломатч энэ үйл явдалтай холбогдуулж канадын олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа, Саудын Арабыг хайхрахгүй орхиж боломгүй чухал улс гэдгийг тэмдэглэж, хоёр улсын хооронд дипломат харилцаа бүрэн сэргэснээр Канад улс Саудын Арабын эрх барих түвшинд дуу хоолойгоо хүргэх боломж нээгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб, Канад улсууд 5 жилийн дараа дипломат харилцаагаа бүрэн сэргээв  
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй