Шууд Chart

БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв

2023-05-26 11:08:54

Урд хөршид коронавирусний халдварын шинэ давалгаа нүүрлэж байж болзошгүйг хэвлэлүүд өргөнөөр мэдээлж эхэллээ. Хятадад сүүлийн дөрөвдэх 7 хоногтоо дараалан ковидын тохиолдлын тоо хамгийн өндөр гарч байгаа юм байна.  

Бээжинд гэхэд, сүүлийн нэг долоо хоногийн дотор  халдварын 25000 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэдэг мэдээллийг нийслэл хотын эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байна. Энэ байдлаараа бол халдварын тохиолдол сарын сүүл үе гэхэд долоо хоногт 40 саяд хүрч, ирэх 6-р сарын төгсгөл үед 65 саяд хүрч болзошгүй гэдгийг хятадын тэргүүлэх тархвар судлаач Чжун Наньшань даваа гарагт ярьсан байна. Халдварын шинэ давалгаа Хятадад “Тэг-Ковид” бодлого цуцлагдсны дараа хүн амынх нь 85 хүртэл хувийг хамарсан вирусийн дэгдэлтээс хойшхи хамгийн томоохон нь болж мэдэхээр байгаа юм байна. Хятадын эрх баригчид энэ оны 1-р сараас цар тахлын “Тэг Ковид” бодлогоо  цуцалж, өнгөрөгч 4-р сараас харин дотоодын халдварын тоон мэдээлэл гаргахаа зогсоосон. Тиймээс халдварын нөхцөл байдлыг бүрэн бодитой үнэлж тогтооход амаргүй байгааг мэргэжилтнүүд мөн хэлж байна. Тиймээс Хятадын эрүүл мэндийн салбарын эрх баригчид нийслэл Бээжин болон бусад бүс нутгийн иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүх гэхчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна. Үүний зэрэгцээ коронавирусний шинэ давалгаа өмнөхүүдээ бодвол тийм ч ноцтой биш гэж хятадын албаныхан мэдэгдэхийн сацуу, гэхдээ хүн амын дунд өндөр хувь эзэлдэг ахмад настнуудын дундах нас баралтыг газар авахуулахгүйн тулд эмнэлгүүдэд вирусийн эсрэг эм бэлдмэл нөөцийг нэмэгдүүлж, вакцины давтан тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Түүнээс гадна ковид-19 болон шинэ дэд хувилбаруудын эсрэг вакцин гаргах ажлаа мөн яаравчилж байгаа юм байна. Омикроны дэд хувилбаруудын эсрэг хоёр ч шинэ вакцин анхан шатны батламжаа авсан, ойрын үед дахиад 3-4 вакцин батлагдах шатандаа байгаа гэж хятадын Тэргүүлэх тархвар судлаач Чжун Наньшань Гуанжоуд болсон биотехнологийн форум дээр мэдээлснийг хятадын төв хэвлэлүүд уламжилсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д коронавирусний халдварын тоо ихсэж шинэ давалгаанаас сэрэмжлүүлэв  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй