Шууд Chart

Европын холбоо гадагш мэдээлэл дамжуулсан хэргээр “мета”-г 1.2 тэрбум еврогоор торгов

2023-05-28 10:19:29

Европын Холбооны зохицуулагч байгууллагаас даваа гарагт, “Фэйсбүүк”-ийг эзэмшигч “Мета” компанид Европын холбооны мэдээллийг АНУ-д дамжуулсан хэргээр 1,2 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ. Мөн энэ оны 10-р сар гэхэд, хэрэглэгчийн мэдээллийг тив алгасан дамжуулахаа зогсоохыг үүрэгдсэн байна.

“Мета” компани Европын Холбооны шүүхийн өмнө гарсан шийдвэрийг үл хайхран мэдээлэл дамжуулсан нь тогтоогдсоныг үндэслэж Европын Холбооны дата мэдээллийн хамгаалалтыг зохицуулах нэгдсэн журмыг (EDPB) үндэслэн ийм торгууль ногдуулжээ. Улмаар энэ нь Европын дата мэдээлэл хамгаалалтын Зөвлөлийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй торгууль болж байна. Үүнээс өмнө тус байгууллага 2021 онд “Амазон” компанид 746 сая еврогийн торгууль ногдуулж байжээ. Европын Холбооны нэрийн өмнөөс ажилладаг Ирландын Дата хамгаалах Комисс “Мета” компанийг хувь хэрэглэгчдийн мэдээллийг Европын Холбооноос АНУ руу дамжуулсан хэргээр 2020 оноос хойш мөрдөн шалгаж байжээ. Улмаар “Мета” компани Европын Холбооны Шүүхийн (CJEU) өмнө гарсан тогтоолд заагдсан “Мэдээлэл эзэмшигчдийн үндсэн эрх, эрх чөлөөнд учирч болзошгүй эрсдлийг арилгах” шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон юм байна.

“Мета”-гийн мэдээлэл дамжуулсан үйлдэл нь “байнгын, олон дахин давтагдаж, тасралтгүй үйлдэгдсэн” гэдгээрээ маш ноцтой зөрчил гэдгийг Европын дата мэдээлэл хамгаалалтын Зөвлөлийн дарга Андреа Елинек ярьсан байна. “Фэйсбүүк Европ даяар сая сая хэрэглэгчтэй. Тиймээс түүгээр дамжиж байгаа хувь хүмүүсийн мэдээллийн хэмжээ асар их юм” гэж тэр ярьжээ.

Мөн энэ удаагийн “урьд байгаагүй өндөр дүнтэй торгууль нь ноцтой зөрчил гаргасаар байх нь урхаг үр дагавар ихтэй гэдэг дохио сануулгыг тухайн байгууллагад өгч байгаа хэрэг” гэсэн байна. “Meta” компанийн тухайд, “үндэслэлгүй, шаардлагагүй торгууль” гээд бусад шийдвэрийг давж заалдахаа мэдэгдэж, түүнийг биелүүлэхийг хойшлуулах асуудлаар шүүхэд хандана гэж мэдэгджээ. Энэ хэрэг гэхдээ, “Фэйсбүүк” мэдээллүүдээ хаана хадгалдаг, бас Англи-Америкийн тусгай албадын  олон нийтийг бөөнд нь тагнаж танддаг ажилд холбоотой зэрэг асуудлаар олон жил сунжирч байгаа шүүхийн маргааны нэг хэсэг юм.

Австрийн хувь хүний нууцлалын төлөө тэмцэгч Макс Шремс одоогоос 10 жилийн өмнө АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны гэрээт ажилтан асан Эдвард Сноуден илчлэгдсэн хэрэгт холбогдуулж анх “Фэйсбүүк”-ийн эсрэг зарга мэдүүлж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо гадагш мэдээлэл дамжуулсан хэргээр “мета”-г 1.2 тэрбум еврогоор торгов   
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй