Шууд Chart

Энэтхэг улс экспортод гаргах ханиадны шингэн эмийг заавал шинжилгээнд оруулдаг болно

2023-05-28 12:50:14

Энэтхэгийн засгийн газар ханиадны сироп үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ гадагш экспортод гаргахын өмнө дээжийн шинжилгээнд заавал хамруулдаг байхаар журамлажээ. 6-р сарын 1-нээс эхлэн энэ төрлийн эм үйлдвэрлэгчид засгийн газрын зөвшөөрөлтэй лабораториос шинжилгээний гэрчилгээ гаргуулах ёстой болж байгаа юм байна.

Энэ шинэ журмын талаар мэдээлсэн Энэтхэгийн гадаад худалдаа эрхэлсэн ерөнхий захирал гагцхүү “экспортын дээжид хийгдсэн шинжилгээний дүнг” үндэслэж ханиадны шингэн эмэнд зөвшөөрөл олгохыг мэдэгдсэн байна. Мөн энэ шинжилгээ хийгдэх төв болон мужийн түвшний лабораториудын жагсаалтыг  танилцуулжээ.

Энэтхэгт үйлдвэрлэгдсэн ханиадны зарим сиропноос болж Гамби, Узбекистан зэрэг улсад хүүхдүүд эндсэн нь ийм журам нэвтрүүлэх үндэслэл болсон юм. Хилийн чанадад хүүхдүүд эндсэн тохиолдлууд Энэтхэгийн үйлдвэрийн сиропон эмнээс болсон гэдэг асуудал дэгдсэний дараагаас Энэтхэг улс энэ чиглэл дэх бодлогоо өөрчлөх боломжийг авч үзэж байгаа талаар өмнө мэдээлэл гарч байсан юм. Дээрх маргаан дагуулсан асуудлын улмаас, дэлхийн эм үйлдвэрлэлийн гуравны нэгийг ханган нийлүүлдэг Энэтхэгийн эм бэлдмэлийн аж үйлдвэрийнхэн чамгүй бэрхшээлтэй тулгарчээ.

Шинжээчдийн зүгээс Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн арга барилд эргэлзэх байдал үүсгэж байсан тул Энэтхэгийн олон эмийн компани үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтаар орж байгаа юм байна. Энэ хүрээнд тухайлбал, Узбекистанд 18 хүүхэд нас барсан хэрэгт холбоотой гэж тооцогдсон ханиадны сиропыг үйлдвэрлэгч “Марион байонтек” компанийн үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг өнгөрөгч 3-р сард цуцалсан байна.

Өнгөрсөн оны 10-р сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мөн, Гамби улсад 66 хүүхэд нас барсан тохиолдлыг Энэтхэгт үйлдвэрлэгдсэн ханиадны 4 төрлийн сироп холбоотой хэмээн дэлхий нийтэд сэрэмжлүүлэг гаргаж байсан. Үүний дараа Энэтхэг улс тухайн эмүүдийг шинжилж үзэхэд шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна гэж мэдэгдсэн боловч ДЭМБ гаргасан “зөвлөмжөө буцаахгүй” гэсэн хариу өгч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улс экспортод гаргах ханиадны шингэн эмийг заавал шинжилгээнд оруулдаг болно   
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй