Шууд Chart

АНУ-ын конгресс өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслөөр лхагва гарагт санал хураана

2023-05-30 13:43:42

АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг конгрессоор батлуулахаар ажиллаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар засгийн газрын өрийн дээд хязгаарыг 2025 оны 1-р сарын 1-н хүртэл нэмэгдүүлэхээр өнгөрсөн бямба гарагт зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр АНУ 6-р сарын 5-наас өмнө дефолт зарлахаас зайлсхийх бололцоо гарч  байна.

Ардчилсан намын ерөнхийлөгч Жозеф Байден, Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Бүгд найрамдах намын Кевин МакКарти нар олон хоног хэлэлцсэний эцэст төсвийн зардлыг танаж, засгийн газрын өрийн таазыг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрсэн. Тэд 6-р сарын 5-наас өмнө өрийн таазыг нэмэх хуулийн төслийг Конгресс батлан гэсэн найдвар тавьж байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти Бүгд найрамдах намын дийлэнх олонхоос нь өрийн таазыг нэмэх шийдвэртээ дэмжлэг авсан, Конгрессын хоёр танхим хуулийн төслийг хэлэлцэн батлахад ямарваа саад байхгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Өнөөдөр Хоёр намын албаны хүмүүс уг хуулийн төслийг хууль тогтоогчдод танилцуулаад, Конгрессын төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслөөр лхагва гарагт санал хураах юм байна. 99 хуудас бүхий хуулийн төсөлд Ковидтой тэмцэх сангуудын ашиглаагүй хөрөнгийг буцааж татах, эрчим хүчний төслүүдэд зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах, амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой иргэдэд хүнсний тусламжийн хөтөлбөрт ажлын шаардлагыг нэмж тусгах зэрэг заалтуудыг тусгах юм байна.

Гэхдээ Ардчилсан намын зарим гишүүд болон Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагч зарим гишүүд өрийн таазыг нэмэхийн эсрэг байр суурьтай хэвээрээ байгаа юм байна. Америкийн конгресс ирэх сарын 5-наас өмнө өрийн дээд хязгаарыг нэмэх эсвэл түдгэлзүүлэх шийдвэр гаргахгүй бол сангийн яам нь дефолт зарлахаас аргагүй болно гэж тус улсын сангийн сайд өнгөрсөн 7 хоногт анхааруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгресс өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслөөр лхагва гарагт санал хураана  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй