Шууд Chart

Сүүлийн 20 жил БНТУ-ын төр, засгийг ээлжлэн барьж байгаа ерөнхийлөгч дахин сонгогдлоо

2023-05-30 15:29:30

Туркийн ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулиар тус улсын одоогийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дахин сонгогдлоо. Сонгуулийн хорооны мэдээлснээр ерөнхийлөгч Эрдоган 52.14 хувийн саналаар ялалт байгуулж, түүний өрсөлдөгч Кемаль Кылычдароглу 47.86 хувийн санал авсан байна.

Эрдоган ялалтын үгэндээ: Улс орныхоо эдийн засгийг сэргээж, инфляцыг бууруулахын зэрэгцээ байгалийн гамшгаас сэргээн босгох ажлыг эрчимжүүлэхээ амласан байна.

Энэ сарын 14-нд болсон бүх нийтийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчийн хэн нь ч 50-аас дээс хувийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалт гол хоёр өрсөлдөгчийн дунд болж өнгөрлөө. Туркийн консерватив үзэлтэй Шударга ёс, хөгжлийн намын тэргүүн, өдгөө 69настай Эрдоган нь сүүлийн 20 жил Туркийн засаг, төрийг ээлжлэн барьж ирсэн. Тэрээр 2003-2014 оны хооронд Турк улсын ерөнхий сайд, 2014 оноос хойш 2 дараалан ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Эрдоган дахин сонгогдсоноор түүний 20 жилийн засаглал нь дахин таван жилээр сунгагдаж байна. Эрдоганы 3 дахь бүрэн эрхийн хугацаанд буюу ирэх 5 жилд Туркийн инфляцыг бууруулах, газар хөдлөлтийн гамшгаас 11 мужаа сэргээн босгох зэрэг томоохон сорилтууд хүлээж байна. Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт Лирийн ханш энэ он гарсаар 6 хувь, сүүлийн 10 жилд 90 гаруй хувиар унаад байна.

Эрдоганы засаглал дор Турк улс 2017 онд бүх нийтийн санал хураалтаар парламентын засаглалаа халж, бэлгэдлийн чанартай байсан ерөнхийлөгчийн эрх мэдлийг бэхжүүлсэн юм. Харин түүний өрсөлдөгч Кылычдароглу ардчиллаас ухарсан ерөнхийлөгчийн засаглалыг зогсоож, парламентын засаглал руугаа эргэж орох, уламжлалт бодлогод шилжих замаар эдийн засгаа сэргээж, Өрнөдийн орнуудтай харилцаагаа сайжруулах амлалтыг сонгуулийг кампанитынхаа гол цөм болгож байсан. Эрдоганы гурав дахь бүрэн эрхийн хугацаанд Турк улс НАТО-гийн гишүүн орнуудтай илүү нягт хамтран ажиллаж, Украины дайнд илүү нарийн маниевр хийх нь гарцаагүй гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар Эрдоганыг гурав дахь удаагаа ялсанд баяр хүргэж байгаагаас харахад Турк улс болоод Эрдоган дэлхийн улс төрд ихээхэн үүрэг оролцоотой байгааг илтгэж байна гэж олон улсын хэвлэлүүдэд онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүүлийн 20 жил БНТУ-ын төр, засгийг ээлжлэн барьж байгаа ерөнхийлөгч дахин сонгогдлоо  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй