Шууд Chart

Энэтхэгт галт тэрэгний онц ноцтой ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж байна

2023-06-04 10:35:00

Энэтхэгт сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй галт тэрэгний онц ноцтой осол сүйрэл тохиолдож, үүний уршгаар амь эрсэдсэн хүний тоо, албаныхны сүүлд мэдээлснээр 280 гаруй болоод байна. Энэхүү осол сүйдэлд амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Одиша мужид гашуудал зарлаад байна.

Энэтхэгийн зүүн бүсийн Одиша мужийн Баласор хотод баасан гарагийн орой, орон нутгийн цагаар 19 цагийн орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хурдан галт тэрэгтэй мөргөлдөж, улмаар зам дээр зогсож байсан ачааны галт тэргийг мөргөжээ. Ихээхэн хэмжээний эвдрэл сүйдэл тарьсан энэ ослын улмаас наанадаж 900 хүн гэмтэж бэртсэн мэдээтэй байна. Галт тэрэгний сэг зэмүүд дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд аврагчид болон 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэтхэгт сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй нүд хальтрам энэ осол сүйдлийн улмаас амь үрэгдсэн хүний тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байна. Төмөр замын сайд Ашвини Вайшнав амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 1 сая рупий буюу 12 мянган долларын тусламж үзүүлнэ гэсэн бол, хүнд хөнгөн гэмтсэн хүмүүст 50-200 мянган рупий олгох шийдвэр гарсныг мэдээлсэн байна. Мөн зарим мужийн засаг захиргаадын зүгээс нөхөн төлбөр олгохоо зарлаж байна. “Энэтхэгийн төмөр зам”-ын тэргүүн өмнө нь, Одишад болсон энэ осол хурдан галт тэрэгний вагонууд замаасаа гарснаас болсон гэдэг мэдээлэл өгсөн боловч вагонууд замаасаа гарсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна. Амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийж байна гэж мэдэгдсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр/2023.06.03/ Төмөр замын яамны удирдах албаныхныг оролцуулсан онц хуралдаан зарлан хуралдуулсны зэрэгцээ сүйрлийн газар дээр очиж байдалтай биечлэн танилцах төлөвлөгөөтэй байна. Энэтхэг улс дэлхийд хамгийн томоохонд орох төмөр замын сүлжээтэй.

Энэтхэгийн төмөр замын мэдээгээр, энэ сүлжээгээр өдөр тутам 13 сая гаруй хүнийг тээвэрлэдэг байна. Гэвч төрийн мэдэлд байдаг монопол энэ сүлжээний дэд бүтэц хэт хуучирч муудсанаас аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн доогуурт тооцогддог.

Хэдийгээр засгийн газар нь төмөр замын дэд бүтцээ сайжруулахад хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулдаг ч гэлээ галт тэрэгний осол өдөр алгасахгүй шахам гарсаар байдаг гэдгийг хэвлэлүүд дурдаж байна.

Энэтхэгт үүнээс өмнө хамгийн олон хүний аминд хүрсэн галт тэрэгний осол 1981 онд Бихар мужид гарч байсан байна. Даац хэтрүүлсэн зорчигч тээврийн галт тэрэг хар салхины үеэр замаасаа гарч, гол руу унаснаас наанадаж 800 хүн үрэгдсэн аймшигт осол болж байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт галт тэрэгний онц ноцтой ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж байна   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй