Шууд Chart

БРИКС-ийн гадаад хэргийн сайд нар бүлгээ тэлэх асуудал хэлэлцэв

2023-06-04 10:56:38

БРИКС-ийн гишүүн 5 орны Гадаад хэргийн сайд нар бүлгийнхээ хүрээг тэлж өргөжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Өмнөд Африкийн нийслэл Кейптаунд болсон уулзалтаар, Саудын Араб, Иран, Куб болон бусад улсыг эгнээндээ нэгтгэх талаар яригдсан байна.

ӨАБНУ-ын Гадаад хэргийн сайд Наледи Пандорын даргалан хийлгэж байгаа сайд нарын түвшний энэ уулзалтаар, ирэх 8-р сарын сүүлээр Йоханнесбургт чуулах БРИКС-ийн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтын хөрс суурийг бэлдэх учиртай байна. Хятад, Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нар энэ пүрэв гарагт эхэлсэн уулзалтынхаа хоёр дахь өдөр, бүлэгт нь нэгдэх хүсэл сонирхол илэрхийлсэн 20-иод улсын төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийжээ. БРИКС дэх Өмнөд Африкийн элчин төлөөлөгч Анил  Суклалын мэдээлснээр, нийт 30 шахам улс БРИКС-т нэгдэх албан болон албан бус хүсэлт илэрхийлээд байгаа юм байна. Хятадын тухайд АНУ болон өрнөдийн гүрнүүдийг сөрөх хүчин чармайлтын хүрээнд бүлгийн гишүүдийнхээ эгнээг тэлэх эрмэлзэл илэрхийлдэг. Энэ ч үүднээс өнгөрсөн онд Хятадын даргалан хийлгэсэн дээд хэмжээний уулзалтаас БРИКС-ийг өргөжүүлэх журам, гишүүд элсүүлэх зарчим стандарт боловсруулах зорилт дэвшүүлсэн. Энэ тухайд гишүүн улс бүрээс боловсруулсан зарчмын баримт бичгийг ГХЯ-ны сайд нарын түвшинд авч хэлэлцсэнээр тодорхой нэг байр суурь ил болно гэж үзэж байна. Оросын тухайд, Украин дахь цэрэг дайны ажиллагааных нь хариуд өөрийнх нь эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн орнуудыг бүлэгтээ хүлээж авахын эсрэг байр суурь илэрхийлдэг байна.

Энэ жил тус бүлгийг даргалж байгаа Өмнөд Африк улс гэхэд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах захирамж гаргасан Олон улсын Эрүүгийн шүүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөг орны нэг. Энэ үүднээсээ тус улс Путиныг нутагт нь нэвтэрсэн даруйд баривчлах үүрэг хүлээнэ гэсэн үг юм. Улмаар Өмнөд Африкийн засгийн газар энэ тал дээр хууль эрх зүйн боломжит бүх хувилбарыг судалж үзэж байгаа талаараа мэдэгдэж байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БРИКС-ийн гадаад хэргийн сайд нар бүлгээ тэлэх асуудал хэлэлцэв  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй