Шууд Chart

НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх оролдлогод нэгдмэл хариу өгч чадсангүй

2023-06-04 11:14:39

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлогыг буруутгах нэгдсэн байр суурьт хүрч чадсангүй. Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Япон, АНУ болон бусад улс хүсэлт гаргасны дагуу Аюулгүйн зөвлөл өчигдөр шуурхай хуралдсан юм байна.

Энэ 7 хоногийн лхагва гарагт Пхеньян пуужин харвасныг хуралдаанд оролцсон хэд хэдэн орны төлөөлөгчид эрс буруутгасан байр суурь илэрхийлсний дотор, НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгч Кимихиро Ишиканэ уг пуужин цэргийн зориулалттай хиймэл дагуул тээсэн ч бай үгүй ч бай, мөн амжилттай амжилтгүй эсэхээс үл хамааран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг гэж мэдэгджээ. НҮБ дахь АНУ-ын элчин төлөөлөгч Роберт Вуд мөн адил байр суурь илэрхийлэхийн хамтаар, удаа дараа пуужин харваж байгаа Умард Солонгосыг хамгаалж байгаад Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Хятад, Орос улсуудыг шүүмжилсэн байна.

Харин Хятад, Оросын төлөөлөгчид хиймэл дагуул хөөргөхийг завдсанд Умард Солонгосыг буруутгах АНУ тэргүүтэй орнуудын уриалгыг няцааж, харин эсрэгээрээ Вашингтоныг Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг дэвэргэж байгаад буруутгалаа. Хятадын байнгын төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Гэн Шуан АНУ-ыг бусад улсын зовнил болгоомжлолыг үл тоомсорлож, дан ганц өөрийн геополитикийн ашиг сонирхолд бүрнээ үйлчилж байна гэсэн бол, НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева АНУ болон Өмнөд Солонгосыг хамтарсан байлдааны галын сургуулилалт явуулж, бүс нутгийн байдлыг тогтворгүйжүүлж байна гэж мэдэгдсэн байна.

НҮБ дахь Өмнөд Солонгосын байнгын төлөөлөгч харин, Аюулгүйн зөвлөлийг Умардын пуужингийн туршилтын хариуд дорвитой арга хэмжээ авахгүй байгаад буруутгаж, Аюулгүйн зөвлөлийн ийм идэвхгүй байдал дээр дөрөөлж Пхеньян энэ хооронд алдаан дээрээ суралцаж технологио улам сайжруулж байна гэж мэдэгджээ. Лхагва гарагт Умард Солонгосын харвасан цэргийн тагнуулын хиймэл дагуулын зориулалттай гэх пуужин эхний хоёр шатлалт хөдөлгүүр нь салсны дараа хүчээ алдаж Шар тэнгист сүйрсэн. Умардын эрх баригчид энэ удаад бүтэлгүйтсэнээ ер бусын хурдан хүлээн зөвшөөрсний дээр, сүйрлийн шалтгааныг судалж тогтоосны эцэст дараагийнхаа аль болох хурдан хөөргөнө гэж мэдэгдэж байгаа.

Умардын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон тухайлбал, АНУ болон бусад улс мянга мянган хиймэл дагуул хөөргөсөн байтал Пхеньяныг буруутгаж байгаа нь “өөрсөдтэйгөө зөрчилдсөн” хэрэг гэж мэдэгдэн, Пхеньян тойрог замд цэргийн тагнуулын хиймэл дагуулаа удахгүй гаргаж, цэргийн хяналт тандалтын хүчин чадлаа нэмэгдүүлэх болно гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх оролдлогод нэгдмэл хариу өгч чадсангүй  
Үзсэн: 367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй