ОПЕК болон түүний холбоотон орнууд өчигдрөөс эхэлсэн хоёр өдрийн зөвлөгөөнөөрөө хоногт олборлох нефтийн хэмжээг 1 сая баррелиар бууруулах шийдвэрт хүрч болзошгүй байна. Нефтийн үнийн унаж, нийлүүлэлт давамгайлах хандлагаас үүдэж ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон Орос тэргүүтэй түнш орнуудыг нэгтгэдэг “ОПЕК нэмэх” бүлэг дэлхийн “хар алтны” нийт олборлолтын 40 шахам хувийг нийлүүлдэг. Тиймээс эндээс гарсан улс төрийн шийдвэр дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэд мэдэгдэхүйц нөлөөтэй гэсэн үг юм. ОПЕК бямба гарагт тусдаа товч хуралдсан боловч сайд нар нь гаргасан шийдвэрийнхээ тухайд ямарваа тайлбар өгөөгүй байна. Тус бүлгийн орнууд өнгөрөгч 4-р сард гэнэт зарлаж, 5-р сараас мөрдөж эхэлсэн нефтийн олборлолтыг хоногт 2 сая баррелиар танах, мөн сайн дурын үндсэн дээр хоногийн олборлолтоо нэмэлтээр 1,6 сая баррелиар бууруулж болно гэсэн одоо хүчинтэй мөрдөгдөж байгаа хязгаарлалтууд дээрээ нэмээд, дахин 1 сая баррелийн таналт хоногт хийх боломжийг авч хэлэлцэж байгаа юм байна. Энэ шийдвэр батлагдах нөхцөлд ОПЕК Нэмэх” бүлгийн хоногт олборлох нийт нефтийн хэмжээ 4,66 сая баррель болж, дэлхийн нийт эрэлтийн 4,5 орчим хувь болох юм байна. Өрнөдийн орнуудын зүгээс Газрын тос олборлогч улсуудын байгууллага ОПЕК-ийг нефтийн үнийг дангаар тогтоож, эрчим хүчний түүхий эдийн үнийг хэт өндөр түвшинд барих замаар дэлхийн эдийн засгийг алдагдуулж байгаад буруутгадаг.
Мөн хориг арга хэмжээнүүдийг нь үл хайхран Орост хүчтэй дэмжлэг үзүүлж байгаад буруутгадаг байгаа юм. Харин ОПЕК-ийн дотоод дахь эх сурвалжууд болон ажиглагчдын зүгээс сүүлийн арван жилийн туршид Өрнөдийн зүгээс нэвтрүүлсэн мөнгөний эмисс инфляц үүсгэснээс нефть олборлогч орнууд үндсэн экспортынхоо өртгийг хадгалах арга замууд эрэлхийлэхээс аргагүй болсон гэж мэдэгдэж байна. Энэтхэг, Хятад зэрэг Азийн орнууд харин энэ зуур, Оросын эсрэг өрнөдийн хоригт нэгдэхээс татгалзан Оросын нефтийн экспортын дийлэнх хувийг худалдан авч байгаа юм.
ОПЕК+ бүлгийн орнууд нефтийн олборлолтоо бууруулах асуудлаар шийдвэр гаргана | ||
Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.