Өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын олон хүрээнд хиймэл оюун ухаан нэвтэрч байна. Тэгвэл японы пүүс компаниуд сурах үйл явцыг сурагчдад илүү сонирхолтой болгох үүднээс анги танхимд нь хиймэл оюун ухаан нэвтрүүлж эхэлжээ.
Хичээлийн явцад авсан зургуудаар сурагчдын хичээлд оролцох байдлыг задлан шинжлэх хиймэл оюун ухаан бүхий системийг “Коника Минолта” компани түрүү сард нэвтрүүлсэн байна. Аль чигт харсан, бас гараа өргөж байгаа эсэх зэрэг үйл хөдлөлүүдийг нь харгалзан сурагчдын анхаарал төвлөрлийн түвшин хэр байгаа талаарх мэдээллийг энэ систем цуглуулдаг байна. Энэ системийг ашигласнаар багш сурагчидтайгаа харилцах болон заах аргаа илүү оновчтой болгоход тустай гэж “Коника Минолта” үзэж байна. Нагоя хотод байрладаг Техно Хорайзон нэртэй мэдээллийн технологийн компани мөн, сурагчдын сэтгэл зүйн байдлыг шинжилдэг хиймэл оюун ухаанд суурилсан технологи боловсруулжээ. Суралцагчдын ашигладаг планшетны камерт энэ төхөөрөмжийг холбодог байна. Улмаар сурагч сэргэлэн цовоо байна уу, уйтгарлаж гунигласан байна уу, аль эсвэл сэтгэл хямралтай байна уу гэдгийг духан дээрх судасны цохилт болон толгойн хөдөлгөөнөөр нь тодорхойлдог байна. Энэ төрлийн мэдээллийг хэдэн сарын туршид задлан шинжилснээр зарим сурагчдын зан харьцааны гэнэтийн өөрчлөлт болон дээрэлхэлтэд өртсөн шинж тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх боломжтой гэж “Техно Хорайзон” компанийнхан хэлж байна.
Тус компанийнхан энэ технологио ирэх оны 3-р сард дуусах энэ санхүүгийн жилд багтаан анги танхимуудад нэвтрүүлж эхлэх эрмэлзэлтэй ажиллаж байгаа юм байна. Дээрх хоёр технологийн аль алиныг сурагчид болон эцэг эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн дагуу ашиглах юм.
Япон компаниуд боловсролын зориулалттай хиймэл оюун ухаан хөгжүүлж байна | ||
Үзсэн: 325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: