Шууд Chart

“Шангрилагийн яриа хэлэлцээ” АНУ, БНХАУ хооронд шууд хэлэлцээгүй өндөрлөв

2023-06-05 12:55:51

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сингапурт чуулсан Ази тивийн аюулгүй байдлын асуудлаарх Шангрилагийн яриа хэлэлцээний талбарт АНУ болон Хятадын батлан хамгаалахын сайд нар нүүр тулж яриа хэлэлцээ хийлгүй таржээ. Уулзалтад АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Хятадын батлан хамгаалахын сайд Ли Шанфу нар биечлэн оролцсон юм.

АНУ нутаг дээгүүр нь хөөрч байсан Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагасны дараагаас буюу өнгөрөгч 2-р сараас хойш хоёр улсын хоорондын харилцаа хурцадмал байсаар байна. Остин, Шанфу нар чуулга уулзалтын эхний өдрийн оройн зоогийн үеэр л хальт гар барилцсан, сайд нарын хооронд яриа хэлэлцээ болоогүй гэж  хятадын талаар мэдээлжээ. Харин сайд нар тус бүрдээ өөр улсуудын Батлан хамгаалахын сайд нартай хоёр талын уулзалтууд хийсэн байна. Ялангуяа Япон зэрэг Азийн орнуудын төлөөлөлтэй уулзаж, Өмнөд Хятадын тэнгис болон Тайваний асуудлаарх тус бүрийн байр суурийг илэрхийлжээ. Украин батлан хамгаалахын сайд Олексей Резников мөн энэ уулзалтад оролцсон. Тэрээр Япон, АНУ, Сингапур болон Азийн орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, өөрийн улсын байр суурийг илэрхийлэхийн сацуу Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байгаа улс оронд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалжээ.

Харин тэрээр Хятадын төлөөлөгчидтэй мөн л мэндлэхээс хэтрээгүй талаар Эн-Эйч-Кей-ийн мэдээнд дурдсан байна. Ази тивийн аюулгүй байдлын асуудлаарх Шангрилагийн яриа хэлэлцээ”-ний энэ удаагийнхад Европын орнуудаас мөн сайд нар оролцсоноор аюулгүй байдлын орчинд нь ихээхэн өөрчлөлт сорилтууд тулгарч байгаа Ази-Номхон далайн бүс нутагт өндөр анхаарал хандуулж байгаа нь харагдлаа гэж ажиглагчид мөн дүгнэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шангрилагийн яриа хэлэлцээ” АНУ, БНХАУ хооронд шууд хэлэлцээгүй өндөрлөв  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй