
Бразилийн Ерөнхийлөгч Лула да Сильва байгаль орчныг хамгаалах олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлэх хүрээнд 2030 он гэхэд ой устгалыг бүрэн арилгах төлөвлөгөө зарлажээ.
Даваа гарагт Ерөнхийлөгч Лула Байгаль орчны сайд Марина Силвагийн хамтаар “Амазон дахь ой устгалаас сэргийлж хяналт тавих үйл ажиллагааны төлөвлөгөө” нэртэй баримт бичгээ нийтэд ил болгосон байна. “Хүрээлэн байгаа орчныг давуу эрх бүхий цөөнхийн шууд ашиг олох зам дахь саад тээг хэмээн тооцож ирсэн өнгөрсөн 4 жилийн ар дээр Бразил улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд тэргүүлэх үүргээ биелүүлж эхэллээ” гэж Ерөнхийлөгч Лула да Силва “Твиттер” хуудсандаа бичжээ. Үүгээр тэр өөрийн өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн бодлогыг дайруулан хэлсэн байна. “Энэ ажилд чинээлэг орнууд ч бас хувь нэмрээ оруулах ёстой. Чухам тэдгээр орнууд ой модыг хамгийн их тайрч устгадаг” гэж Бразилийн Ерөнхийлөгч дурджээ. Хууль бусаар ой мод тайрч устгаж байгааг мөшгөн илрүүлж баримтжуулах ажлыг боловсруулах зэрэг олон хэсэг бүхий төлөвлөгөө боловсруулахад Бразилийн Засгийн газрын 15 яам хамтран ажилласан байна. Хууль бусаар ой мод устгал явуулж, мал амьтан үржүүлж, ашигт малтмал олборлож байгааг илрүүлэхдээ хиймэл дагуулын хяналт өргөнөөр ашиглахаар төлөвлөжээ. Санхүүгийн тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг Засгийн газрын мэдээллийн сан мөн, Амазоны ширэнгэн ойд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж олсон мөнгөн орлогыг олж тогтоох ажлыг эхлэх болж байна.
Мөн бэлтгэсэн мод, ХАА-н бүтээгдэхүүний гарал үүслийг гэрчилгээжүүлэх систем боловсруулна. Өнгөрсөн оны 11 сард Лула да Силва Бразилийн Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх КОП-27 НҮБ-ын бага хуралд оролцох үеэрээ Бразил улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тэргүүлэгч болгох эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэж байжээ. “Амазоны ширэнгэн ойг хамгаалаагүй цагт дэлхийд уур амьсгалын аюулгүй байдал тогтохгүй” гэж тэр мэдэгдсэн юм. Гэвч энэ амаргүй тулаан болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна. Учир нь Лула да Силваг Ерөнхийлөгчийн албандаа орсны дараах эхний сард буюу энэ оны 1-р сард ой устгал 61 хувиар буурсан ч, дараа сард нь урьд байгаагүй хэмжээнд хүрч эргээд нэмэгджээ. Үүний зэрэгцээ Амазоны ширэнгэн ой дахь хууль бус ой устгалын талаар бичдэг Британийн сэтгүүлч Дом Филипс, мөн тэнд аж төрдөг уугуул омгуудыг судалдаг Бразилийн судлаач Бруно Перейра нарыг хөнөөсөн харгис аллагын нэг жилийн ойн дээр ой устгалтай тэмцэх Ерөнхийлөгчийн төлөвлөгөө зарлагджээ.
Бразилийн ерөнхийлөгч 2030 он гэхэд ой устгалыг зогсоох төлөвлөгөө зарлав | ||
Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.