Шууд Chart

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

2023-06-07 11:27:50

Дональд Трампын засаг захиргаанд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан Майк Пенс 2024 оны сонгуульд Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвших хүсэлтээ гаргажээ. 63 настай улстөрч энэ тухайгаа лхагва гарагт Айова муж улсад цуглаан дээр үг хэлэхдээ албан ёсоор зарлах төлөвтэй байна.

Индиана муж улсын амбан захирагч асан, консерватив үзэлт Майк Пенси Айова муж улсад өргөн сонгуулийн кампанит ажил өрнүүлж, үр хөндөлтийг хориглох зэрэг олон асуудлаар баримталдаг хатуу байр суурийнхаа ачаар эндэхийн консерватив үзэлтэй олон сонгогчдыг татаж чадна гэж найдаж байгаа юм байна. Зөвлөхүүд нь Пенсийг дэмждэг Бүгд найрамдах намын гишүүд Айова муж улсад бий гэж хангалттай тоогоор тооцжээ. Майк Пенс ийнхүү сонгуулийн сунгаанд нэмэгдсэнээр Ерөнхийлөгч асан Дональд Трамптай өрсөлдөх дахин нэг нэр дэвшигч нам дотроос нь тодорч байна. Трампын дэмжигчид Капитолийн ордон руу дайрч орсон 2021 оны 1-р сарын 6-ны үйл явдлын дараагаас Трамп, Пенс нар түнжин хагарчээ.

Дональд Трамп Жо Байденд ялагдал хүлээсэн 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгуулахыг санаархсан цагаас Дэд Ерөнхийлөгч асан түүнээс нүүр буруулсан байдаг. Энэ оны 4-р сард Пенс Дональд Трампын 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан гэх хэргийн эрүүгийн мөрдөн шалгалтын хүрээнд мэдүүлэг өгч байсан. Энэ мөрдөн шалгалтад Дэд Ерөнхийлөгч асан гол гэрч гэж тооцогддог юм. Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөөр Пенс, Трамп нараас гадна Флоридагийн амбан захирагч Рон Десантис, сенатч Тим Скотт, Өмнөд Каролинагийн амбан захирагч асан Никки Хейли нар тодроод байгаа.

Мөн өнөөдөр Нью-Жерсигийн захирагч асан Крис Кристи, маргааш Умард Дакотагийн амбан захирагч Даг Бургум нар нэр дэвших шийдвэрээ зарлахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө Бүгд найрамдах намаас ийм олон хүн нэр дэвшиж байгаа нь Трампын эсрэг байр суурьтай сонгогчдын саналыг хувааж эцсийн дүндээ Экс-Ерөнхийлөгч нэр дэвшигчээр тодрох вий гэдэг болгоомжлолыг Трампыг эсэргүүцэгч олон нийт илэрхийлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй