
Украины өмнө зүгийн Херсон муж дахь Днепр мөрөн дээрх усан цахилгаан станцын даланг гэмтэж нурснаас баруун эрэг дагуух хот тосгод усанд автах аюул нүүрлэж байна. Нутгийн хүн амыг нүүлгэн шилжүүлж эхэлснийг албаныхан мэдээлж байна.
Каховын усан цахилгаан станцыг дэлбэлсэн хэрэгт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оросын цэргүүдийг буруутгаж байна. Урьд шөнийн 02 цаг 50 минутын үед станцын хөдөлгүүрыг дэлбэлсэн хэргийн хариуцлагыг эзлэн түрэмгийлэгч улс хүлээх ёстой гэж тэр мэдэгджээ. Мөн Украины Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалах зөвлөлийг шуурхай хуралдуулсан байна. Дараа нь хийсэн мэдээлэлдээ Зеленский 80 шахам хот суурин газар усанд автах эрсдэлийн бүсэд байгааг дурдаж, хүмүүсийг аврахаар бүх шуурхай албад, цэргийнхнийг дайчилснаа мэдээлжээ. Эрсдэлийн бүсээс нүүлгэн шилжүүлэлт явуулж, Каховын усан цахилгаан станцын усан сангаас ус хангагддаг байсан хот, суурингуудыг ундны усаар хангахыг тэр мөн даалгасан байна. Бас зөвхөн шалгагдсан, албан мэдээллийг цааш дамжуулахыг уриалжээ.
Херсон мужийн, Оросын хяналт дахь Новая Каховка хотод Оросын эрх баригчдаас томилогдсон дарга Владимир Леонтьев өглөөгүүр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, УЦС-ын усан доорх байгууламжид “шөнийн 02 цагийн орчимд удаа дараа цохилт өгсөн. Энэ бол “онц ноцтой алан хядах ажиллагаа” гэж мэдэгдэж байсан байна. Каховын УЦС-ын далангийн 28 тулгуурын 11 нь эвдэрсэн, 80 хот, суурин газар усанд автаж болзошгүй талаар ТАСС мөн шуурхай албадаас иш татан мэдээлжээ.
Далан сэтэрснээс хойш усны түвшин 12 метр орчим нэмэгдэж, 2-3 хоногийн хугацаанд ус тархаж ердийн түвшиндээ буурна гэж Новая Каховка хотын дарга Леонтьев мөн мэдээлсэн байна. Запорожийн АЦС-ын цөмийн аюулгүй байдалд одоогоор шууд эрсдэл учраагүй байна гэж Олон улсын Атомын Энергийн агентлагийн зүгээс мэдэгджээ. Днепр мөрөн дээр байдаг нийт 6 далангийн 5 нь Украины хяналтад байдаг. Харин Херсон муж дахь урсгалын хамгийн доод талын далан оросын цэргийн хяналтад байдаг Шинэ Каховка дахь далан юм байна. “Оросын түрэмгийлэгчид 6-р сарын 6-ны шөнө Каховын усан цахилгаан станцыг дэлбэлжээ. Тус УЦС сэргээн засвар хийх боломжгүй гэж Украины эрчим хүчний “Укр-Гид-Энерго” компани өмнө нь фейсбүүк хуудсаараа мэдээлжээ. Энд мэдээлснээр, станцын хөдөлгүүрийн хэсэгт дэлбэлснээс Каховын УЦС бүрэн сүйдсэн. Станцын усны нөөцлүүр ойрын 4 хоногтоо ажиллагаатай байх болов уу гэж тооцож байгаа ч доторх усны түвшин эрчимтэй буурч байгаа юм байна. Усан сан доторх усны түвшин хяналтгүй буурах нь, түр нүүлгэн шилжүүлэгдсэн Запорожийн АЦС-ыг дахин аюулд оруулна гэдгийг “Укр-Гид-Энерго” тэмдэглэжээ. Энэхүү усан сангаас очдог ус Запорожийн АЦС-ын аюулгүй байдлын систем болон турбин конденсаторыг тэжээлээр хангахад шаардлагатай байдаг байна. Тус АЦС-ын Украин ажилтнууд бүх үзүүлэлтийг хянаж байгаа, тухай бүрд шинэ мэдээлэл өгнө гэж мэдээлжээ.
Украины Каховын УЦС-ийн далан сэтэрсний уршгаар нүүлгэн шилжүүлэлт эхлэв | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.