Шууд Chart

МЕДИА: АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга удахгүй БНХАУ-д айлчилна

2023-06-08 13:00:19

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ойрын үед Хятадад айлчилж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Блинкен Хятадад айлчилж, өндөр албаныхантай, тэр дундаа Хятад улсын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж магадгүй талаар “Блумберг” мэдээлэлд ойр эх сурвалжаас иш татан өчигдөр мэдээлжээ.

Америкийн дипломатын тэргүүн Хятадад айлчлах нарийн тов гараагүй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Өчигдөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, хоёр улсын хооронд ойрын үед “өндөр дээд түвшний” айлчлалын асуудал хэлэлцэгдэж байгаа талаар мөн дурдсан байна. Вашингтон дахь Хятадын ЭСЯ харин энэ тухайд тайлбар өгөөгүй байна. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр их гүрний харилцаа “дулаарахад” чухал алхам болно гэдэг үүднээс Вашингтон энэ айлчлалыг санаачилсан байна. Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн үйл ажиллагаа, Бээжингийн хүний эрхийн салбарт баримталдаг бодлого, технологийн салбарын өрсөлдөөнөөс авхуулаад Тайваний асуудал гээд олон хүрээнд таагүй харилцаатай байгаа боловч Байдений засаг захиргаа харилцаагаа идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь энэчлэн харагдаж байна гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.

Блинкен энэ оны 2-р сард анх Хятадад айлчлахаар төлөвлөж байсан ч АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг буудан унагасан хэрэг явдлын улмаас хойшлоод байсан. Тэр явдлын дараагаас харилцаа нь эрс хүйтэрсэн хоёр улс хооронд ийнхүү дипломат түвшний яриа хэлэлцээ аажмаар сэргэж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази Номхон далайн асуудал эрхэлсэн туслах Даниел Критенбринк даваа гарагт Бээжинд Хятадын Гадаад хэргийн яамны дэд сайд Ма Жоашу болон бусад албаныхантай уулзсан юм байна. Үүнээс гадна АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн зохицуулагч Курт Кэмпбелл Хятад-Америкийн хоорондын харилцааны сувгууд эргээд нээгдэж байгааг тэмдэглэсний дээр, өнгөрөгч бямба гарагт Тайваний хоолойд Хятадын байлдааны хөлөг онгоц “аюултай” үйлдэж хийсэн нь “санамсаргүй харуусалт үр дагавар тарьж болохуйц аливаа нөхцөлөөс сэргийлэх” зайлшгүй шаардлага тулгарсныг харуулсан гэж мэдэгджээ.

Харин Хятадын Гадаад яамны төлөөлөгч цэргийнхнийх нь авсан арга хэмжээ “зөв, хууль ёсны дагуу, мэргэжлийн түвшинд үйлдсэн, аюулгүй” үйлдэл байсан гэж мэдэгдсэн байна. Түрүү 7 хоногийн бямба гарагт Тайванийн хоолойд Америк, Канадын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт явагдаж байх үед Хятадын эсминец хөлөг Америкийн байлдааны хөлөг онгоцны урд талаар хурдтай зөрж гарсан хэрэг гарсан. Энэ нь сүүлийн үед хятадын цэргийнхний хоёр дахь удаагийн “онцгой эрсдэл”-тэй “түрэмгий маневр” болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МЕДИА: АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга удахгүй БНХАУ-д айлчилна  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй