Шууд Chart

НҮБ: УЦС-ын даланг сэтэлсэн нь Украины иргэний дэд бүтцэд учруулсан хамгийн том хохирол

2023-06-08 17:09:34

Днепр мөрөн дээрх Украины Каховын УЦС-ын далан эвдэрч сүйдсэн асуудлаас үүдэж Орос болон Украинаас хүсэлт гаргасны дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт хуралджээ. Орос, Украины талууд даланг сэтэлсэн хэрэгт бие биеэ буруутгаж байна. НҮБ далангийн эвдрэл сүйдлийг, Оросын цэрэг Украинд халдан довтолсон 2022 оны 2-р сараас хойш иргэний дэд бүтцэд учирсан хамгийн том сүйрэл гэж нэрлэлээ.

НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица энэ хэрэг явдалд Оросыг буруутгаж, “хамгийн өргөн цар хүрээтэй экологийн алан хядах ажиллагаа” гэж нэрлэсний зэрэгцээ Европт олон арван жилд үзэгдээгүй хамгийн том, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан сүйрэл гэж мэдэгдсэн байна. Мөн Оросыг аль болох олон хүн, байгаль экологид өргөн хүрээтэй хохирол учруулах санаархал агуулсанд буруутгажээ. НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя харин, даланг санаатайгаар дэлбэлж сэтэлсэн гэм бурууг Украинд тохжээ. Украины зэвсэгт хүчин цэрэг зэвсгийн хүчээ дахин хуваарилалтаас анхаарлыг хөндийрүүлж, УЦС-ын дагуух бүс нутгийн оршин суугчдад хохирол учруулахын тулд ийм зүйл хийсэн гэж тэр мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс УЦС-ын далангийн эвдрэл сүйдэл Украинд Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш иргэний дэд бүтцэд учирсан хамгийн том, ноцтой сүйрэл гэж мэдэгдээд, үүнээс учрах хор уршгийн бодит цар хүрээ ирэх өдрүүдийн туршид тодорхой болох ч Украины хүн ардын нөхцөл байдал улам хүндрэх нь тодорхой байгааг тэмдэглэсэн байна. Украины эрх баригчдын мэдээлснээр, одоо зөвхөн Херсон мужид гэхэд 40 гаруй тосгон суурин бүрэн болон хэсэгчлэн усанд автсан, энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Оросын хяналтад байгаа бүсүүдэд ч ноцтой хохирол учрахаар байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс мэдээлжээ. Херсон мужийн өмнөд бүс болон Крымийн хойгийн ХАА-н эдэлбэр газруудын усалгааны гол эх үүсвэр байдаг Каховын УЦС дахь техногеннийн энэ сүйрлийн улмаас Днеприйн баруун эрэгт 10 мянга орчим га, Оросын цэргийн хяналт дахь зүүн эрэгт үүнээс хэд дахин том тариалангийн газар усанд автсаныг Украины Газар тариалан, хүнсний бодлогын яамнаас мэдээллээ. Ингэж асар өргөн уудам тариалангийн талбайн усалгаа зогссоноос ирэх жил цөлжих эрсдэлд орж, загас үйлдвэрлэлд мөн 95 мянган тонн буюу 4 тэрбум орчим гривений хохирол учрах тооцоо гарчээ. Урьдчилсан тооцоогоор, бүх төрлийн био нөөц үхэж үрэгдсэнээс учрах хохирлын дүн 10,5 тэрбум гривенд хүрнэ гэж тус яам мөн мэдээлсэн байна. Сүүлийн жил гарны туршид оросын цэргийн албан хаагчдын хяналтад байгаа Каховын УЦС-ын далан энэ сарын 6-нд шилжих шөнө нурж сүйдсэн. Үүний уршгаар Днепр мөрний доод бие рүү их хэмжээний ус таран урсаж байна. Тэрчлэн бие даасан шинжээчид энэ далан дэлбэлж эсвэл буудсанаас биш, өмнө учирсан эвдрэл гэмтлийн улмаас нурсан байж болзошгүй гэдэг байр суурь мөн илэрхийлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: УЦС-ын даланг сэтэлсэн нь Украины иргэний дэд бүтцэд учруулсан хамгийн том хохирол  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй