Шууд Chart

“Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав

2023-06-08 15:58:05

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг боловсролын салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн үр дүн, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор боловсрол, төсөв, эрүүл мэнд, барилга, стандартын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Иргэдээс ирүүлж байгаа боловсролын салбарт хамаарах өргөдөл, гомдлын тоо өссөөр байна. Тухайлбал, 2022 онд 268 гомдол ирсэн бол 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 183 гомдол хүлээн авч шалгаж байна. Эдгээр гомдлын дийлэнх нь сурган хүмүүжүүлэх болон төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой байв. Авлигатай тэмцэх газраас дээрх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр 2022-2023 онд боловсролын салбарын байгууллагад нийт 17 зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэж үзэхээр байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжид дурдсан асуудлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шалгалт, үнэлгээг салбарын хэмжээнд харьяа 72 байгууллагад хийсэн бөгөөд уламжлалт арга хэвшлийг өөрчлөх, хамтын оролцоонд тулгуурласан бүтээлч шинэлэг байдлаар боловсролын үйлчилгээг хүргэхэд анхаарч байгаа талаар танилцуулав. Тэрбээр сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, боловсролын салбар дахь хүний нөөцийн хомсдол, төсвийн хүрэлцээгүй байдал нь гол тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин боловсролын салбарт өнөө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд урсгал зардал болон бусад зардлын төсвийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, хичээл сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн хангах, эцэг эх, асан хамгаалагчдын төлөөллийг оролцуулж мөнгө хураах хэлбэрийг таслан зогсоох, хууль бусаар төлбөр хураамж авсан тохиолдолд хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газраас хэлэлцүүлэгт нийгмийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан бөгөөд АШУҮИС-ийн багш Г.Жаргалсайхан “ЕБС-ийн дотоод орчны хүнд металлын агууламж: Нөхцөл байдал ба хор хөнөөл” сэдэвт илтгэлдээ Улаанбаатар хотын зарим дунд сургуулийн анги танхимын дотоод орчныг судлахад хөнгөн цагаан, хром, зэс, төмөр, никель, ванади, манган, хүнцэл, калми, хар тугалга, цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2 дахин өндөр байгааг танилцууллаа.

“Сургуулийн дотоод орчны агаарын чанар ба сургалтын нөхцөлийн эрүүл ахуйн үнэлгээ”-гээр РМ2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж стандартад заагдсан хэмжээнээс 10.05 дахин өндөр байгаа нь хавдар өвчний эхлэл шалтгаан болсныг гойд анхаарах шаардлагатай талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэв. Тиймээс хүүхдүүдийн суралцах хэвийн орчинг бүрдүүлэхийн тулд бүсчлэл харгалзахгүйгээр анги танхим бүрийг агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч төхөөрөмжөөр хангах, шохойн самбарыг хэрэглээнээс хасах, барилгын дотоод засалд стандартын шаардлага хангасан будаг хэрэглэх зэргээр сургалтын дотоод орчны агаарын чанарыг сайжруулахыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөлөө.

Авлигатай тэмцэх газраас дээрх хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудыг нэгтгэж, Зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.


“Боловсролын салбар дахь тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй