Шууд Chart

АНУ болон ИБУИНХУ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Атлантын тунхаглал гаргалаа

2023-06-10 12:55:37

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Ерөнхий сайд Риши Сунакийг Вашингтонд хүлээн авч уулзан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Атлантын тунхаглал гаргасан байна.

Энэхүү шинэ түншлэлийн хүрээнд АНУ Британитай цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг тэлэх эдийн засгийн аюулгүй байдлын гэрээ байгуулах юм байна.

Энэ нь Британийн Ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн оны аравдугаар сард бүрэн эрхээ эхлүүлснээс хойш Цагаан ордонд хийж байгаа анхны айлчлал юм.

Америк, Британи улсууд үндэсний аюулгүй байдалд нэн чухал технологио хамгаалах, шинээр гарч буй технологиудыг хөгжүүлэх, цэвэр эрчим хүч рүү шилжих чиглэлд хамтын ажиллагааг тэлж, хагас дамжуулагч болон бусад технологийн гол түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахаар болж байна.

Тухайлбал, хоёр улс хиймэл оюун ухааныг хамтран хөгжүүлэхийн зэрэгцээ технологийн аюулгүй хэрэглээнд анхаарах юм байна. Британийн хувьд Европын холбооноос гарснаасаа хойш Европын холбоотой харилцаагаа шинэ хэлбэр, агуулгаар баяжуулахыг эрмэлзэж байгаа юм.

Харин АНУ-тай Атлантын далай дамнасан эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохирч байна. Британи, Америкийн хөрөнгө оруулалтын харилцаа дэлхийд хамгийн өндөр дүнтэйд тооцогддог. Хоёр орны хөрөнгө оруулалт 1.5 их наяд ам.долларт хүрч, 3 сая гаруй ажлын байрыг бий болгосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Британи улс зөвхөн байгалийн ховор элемент, баттерейны технологи болоод бусад бүх технологи хөгжүүлэлтэд шаардлагатай ховор материалын хэрэгцээтэй холбоотой бидний санаачилгад хөрөнгө оруулахад чухал үүрэг гүйцэтгэхгүй байх шалтгаан байхгүй юм. Бид эдийн засгийн аюулгүй байдлаа хангах чиглэлд шинэ түншлэл эхлүүлж байна” гэж ярьжээ. 

Харин ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Риши Сунак “Эдийн засгийн аюулгүй байдалд сүүлийн жилүүдэд ихээхэн эрсдэл бий болж байгааг бид бүгд харж байна. Британид оруулах олон тэрбум фунтын хөрөнгө оруулалт олон мянган ажлын байрыг дэмжих болно. Энэ шинэ түншлэл Британийн олон мянган бичил бизнес эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ Америкт худалдаа хийх, бизнес эрхлэх нөхцөлийг илүү хялбар болгох юм” гэжээ. 

Мөн хоёр удирдагч Украины армийн давшилтад хамгийн их дэмжлэг үзүүлж байгаагаараа бахархаж байна. АНУ болон Британи Украины армийн нисгэгчдэд "Эф16" сөнөөгч онгоцыг эзэмшүүлэх сургалт явуулахаар аль хэдийнэ тохирсон юм.

Жозеф Байден, Риши Сунак нар Австралитай түншилж байгаа "АУКУС" бүлгээр дамжуулан Энэтхэг Номхон далайд аюулгүй байдлаа нэмэгдүүлэх тухай хэлэлцжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Вашингтон, Лондон хоёр цөмийн шумбагч үйлдвэрлэхэд нь Австрали улсад технологи, мэдлэгээ хуваалцаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон ИБУИНХУ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Атлантын тунхаглал гаргалаа  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй