
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо шинэ, ногоон нийслэл хот бүтээн босгох томоохон төсөлдөө хөрөнгө оруулалт татах шинэлэг санаа дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Индонезийн Засгийн газар шинэ нийслэл хот байгуулах төслийн эхний үе шатанд төсвийн хөрөнгөө зарцуулна. Харин үлдсэн үе шатуудад дотоодын болон гадны шууд хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлнэ гэж амлаж байна.
Индонез улс шинэ нийслэл хотын бүтээн босголт нь хөрөнгө оруулагчдын хувьд алтан боломж гэж үзэж байна. Учир нь Индонез улсын эдийн засаг тогтвортой өсөж байгаагийн зэрэгцээ инфляцийн түвшин доогуур байгаа нь хөрөнгө оруулагчдад таатай орчин гэж эдийн засагчид нь онцолж байна.
Индонезийн Засгийн газар шинэ нийслэл хот байгуулах төслийн эхний үе шат болох тээвэр, эрчим хүч, технологи зэрэг салбарт нийт 2.6 тэрбум ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын 300 багцыг бэлтгэжээ.
Ирээдүйн нийслэл Нусантара хотын бүтээн босголтын ажил 30 орчим хувьтай байгаа юм байна. Зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг, хаягдал материалыг дахин боловсруулдаг, байгальд ээлтэй гэх мэт тогтвортой хөгжлийн бүхий л элементийг тусгасан хот байхаар төлөвлөж байгаа юм.
Бүтээн босголтын нийт төсөв нь 31 тэрбум ам.доллар болох юм байна. Энэ зардлын 20 орчим хувийг Засгийн газар хариуцах бол үлдсэн төсвийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдаас татахаар төлөвлөжээ.
Одоогоор Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман, Арабын нэгдсэн Эмират улсууд Нусантара хотын бүтээн босголтын төсөлд хөрөнгө оруулалт хийхээр яриа хэлэлцээ хийж байна.
Индонезийн Засгийн газар ирэх онд Жакартагаас шинэ нийслэл рүү нүүж эхэлнэ гэсэн найдвар тавьж буй юм байна.
Индонез улс шинэ нийслэл хотынхоо бүтээн босголтод хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байна | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.