Шууд Chart

РОЙТЕРС: АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга энэ сарын 18-нд БНХАУ-д айлчилна

2023-06-11 11:53:27

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын 18-нд Хятадад айлчлах болсон талаар томоохон агентлагууд мэдээлж байна. Одоогоор АНУ-ын төрийн департамент болон Хятадын Гадаад яамны зүгээс энэ мэдээлэлд аль нэг тайлбар өгөөгүй байна. Энэ айлчлал болох нөхцөлд америкийн гадаад бодлогын тэргүүн сүүлийн 5 жилд анх удаа Хятадад хөл тавьсан хэрэг болох юм байна.

Блинкений энэ айлчлал АНУ, Хятад хоёр улсын хоорондын харилцааг тогтворжуулахад чиглэсэн яриа хэлэлцээ хийх зорилготой, тэрээр энэ үеэр Хятадын Гадаад яамны сайдаас гадна Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж хэлэлцээ хийж магадгүй талаар “Ассошиэйтэд пресс” мөн албаны эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн байна.  Энэ оны 2-р сард тэрээр Бээжинд очихоор төлөвлөж байсан боловч АНУ-ын нутаг дээгүүр хятадын агаарын бөмбөлөг хөөргөсөн хэрэг явдлаас үүдэлтэйгээр хоёр улсын харилцаа хурцадсан нь Блинкенийг айлчлалаа хойшлуулахаас аргагүй болгосон гэж мэдээлдэг. Агаарын бөмбөлөгтэй холбоотой тухайн үйл явдал АНУ, БНХАУ-ын хоорондох хэдийн хурцадмал байсан харилцааг улам ч ээдрээтэй болгосон. Хэдийгээр энэ хоёр улс "Хүйтэн дайн" дахин дэгдээх хүсэлгүй гэж мэдэгддэг ч гэлээ, худалдаа, Тайванийн статус, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хүч нөлөө тэлж байгааг тойрсон асуудлууд, мөн Хятадын энэ тэлэлтийн хариуд Энэтхэг-Номхон далайн орчимд АНУ-ын явуулж байгаа үйл ажиллагаа гэхчлэн олон салбар хүрээг хамарсан зөрчилдөөний улмаас хоорондын харилцаа нь улам бүр хурцадмал байдалтай байгаа юм. Харин өнгөрсөн 5-р сарын туршид Вашингтоны талаас төрийн нарийн бичгийн даргын айлчлалын товыг шинээр тохирох боломжуудыг идэвхтэй эрэлхийлсэн байна. Улмаар Хятад улс Кубтэй кубын арал дээр электрон тандалтын станц байгуулах хэлэлцээр нууцаар байгуулсан гэсэн шуугиан тарьсан мэдээлэл “Уолл стрит жорнал”-д гарсны дараахан ийнхүү Төрийн нарийн бичгийн даргын айлчлалын товын талаарх мэдээлэл нийтлэгджээ. Байдений засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч өчигдөр, дээрх нийтлэлд ташаа мэдээлэл орсон гэдгийг мэдэгдэж, үүний зэрэгцээ Хятадын Кубтай харилцах харилцааны тал дээр Вашингтоны санааг зовоодог бодитой асуудлууд байдаг, тиймээс эдгээр харилцааг АНУ анхааралтай ажиглаж байгаа гэдгийг тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

РОЙТЕРС: АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга энэ сарын 18-нд БНХАУ-д айлчилна   
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй