
Японы Парламент цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай маргаан дагуулсан хуулийн төслийг баталжээ. Энэ өөрчлөлтийн дүнд, гадаад иргэдийн эрхийг хамгаалж, тогтолцооны гажуудлыг урвуулан ашигладаг байдлыг арилгана гэж Эрх баригч эвслийнхэн мэдэгдэж байна.
Харин шүүмжлэгчдийн зүгээс, энэ алхмыг томоохон ухралт болно гэж үзэж байна. Тухайлбал, Японд дүрвэгчийн эрх авахаар 2-оос дээш удаа гаргасан хүмүүсийг үндэслэл шалтгаанаа хангалттай тайлбарлаагүй нөхцөлд албадан нутаг буцаадаг байхаар энд тусгажээ. Учир нь зарим хүмүүс албадан нутаг буцаагдахаас зайлсхийхийн тулд ахин дахин өргөдөл гаргах нь цөөнгүй байдгийг Эрх баригч Либерал Ардчилсан нам болон парламент дахь тэдний эвслийн намынхан үзэж байна. Үүнээс гадна цагаачдыг урьдчилан саатуулах төвүүдэд хэт удаан хугацаагаар байлгахаас сэргийлэхэд чиглэсэн заалтууд мөн хуульд оруулахаар болжээ. Улмаар тэндэх хүмүүсийн асуудлыг гурван сар тутам хянаж шийдвэрлэдэг болох юм байна. Хууль шинэчлэх энэ үйл явц, 2021 онд Япон дахь цагаачдыг урьдчилан саатуулах газарт Вишма Сандамали хэмээх шри-ланк эмэгтэй амиа алдсан хэрэг явдлаас үүдэлтэй. Тухайн эмэгтэйд түр хорих газрын ажилтнууд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг үндэслэлээр ар гэрийнхэн нь Японы засгийн газраас нөхөн төлбөр шаардаж байгаа юм. Шинэ хууль батлагдах үед эмэгтэйн эгч дүү нар японы парламентад байжээ. Сөрөг хүчний эсэргүүцлийг үл хайхран санаандаа хүрсэнд тэд Японы засгийн газрыг шүүмжилж байжээ. Японы Үндсэн хууль-Ардчиллын намын гишүүд тухайлбал, Японд дүрвэгчийн эрх аваагүй хүмүүсийг албадан буцааснаар эх орондоо мөрдлөг мөшгөлтөд өртөх аюулд орно гэж үзэж байна. Мөн цагаачлалын байгууллагууд хяналт шалгалтыг зохих ёсоор явуулдаггүйгээс Японд дүрвэгчдийг хүлээн зөвшөөрөх байдал хэт доогуур түвшинд байгааг шүүмжилж, хараат бус хяналтын байгууллага бий болгохыг уриалжээ.
Харин засгийн газрын зүгээс шинэ хууль хүмүүсийн төлөө үйлчилнэ, дайн хямралтай газар орнуудаас зугтсан боловч дүрвэгчдийн шалгуурыг хангадаггүй хүмүүст шинэ тогтолцоо нь хамгаалалт болно гэж нотолж байгаа юм байна. Зарим нь жилдээ 10 мянгаас давсан тооны дүрвэгчид хүлээж авдаг өрнөдийн зарим улстай харьцуулахад Япон энэ үзүүлэлтээрээ хавьгүй доогуур байр эзэлдэг байна. 2022 онд гэхэд, Япон улс 202 хүнд дүрвэгчийн эрх олгосны 147 нь Афганистаны иргэд байжээ.
Японы парламент цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв | ||
Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.