
Туркийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа Рэжеп Таип Эрдоган улсынхаа Төв банкны захирлаар “Уолл стрит”-ийн гүйцэтгэх захирал байсан Хафизе Гэйе Эрканыг томилжээ. Үнийн өсөлт, үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханшийн уналт зэрэг гүнзгий хямралд орсон эдийн засгаа сэргээхэд гол үүрэг нөлөөтэйд тооцогдож байгаа Туркийн Төв банк ийнхүү анх удаа эмэгтэй тэргүүнтэй болж байна.
Мөн тэрээр сүүлийн 4 жилийн дотор Туркийн Төв банкны тэргүүнээр томилогдож байгаа 5 дахь хүн болж байгаа юм байна. Харвард болон Стэнфордын их сургуулийн Бизнесийн дээд курсийг дүүргэсэн Хафизе Эркенийг АНУ-ын корпорацуудын ертөнцөд санхүүгийн үйлчилгээ, банк, хөрөнгө оруулалт, эрсдэлийн болон технологи тоон технологийн удирдлагын чиглэлд “чадварлаг, ухаалаг, бас үр өгөөж сайтай” удирдагч гэж үнэлдэг байна. “Голдман Сакс” банкны гүйцэтгэх захирал болон нэр хүндтэй бусад өндөр албан тушаал хашиж байсан 41 настай Хафизе Эркан харин өнөөдрийг хүртэл төрөлх Турктээ төдий л нэрд гараагүй байжээ. Үүнээс 7 хоногийн өмнө Ерөнхийлөгч Эрдоган шинээр бүрдүүлсэн танхимынхаа бүрэлдэхүүнд “Меррил Линч” компанийн олон улсад нэртэй эдийн засагч асан Мехмет Симшекийг Санхүү сан хөмрөгийн сайдаар авснаа зарласан. Эрдоганы энэ 2 томилгоо зах зээлүүдэд эерэг мэдээ болохын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хэт доод түвшинд очсон бодлогын хүү, үнийн өсөлт зэрэгт нухлагдсан Туркийн мөнгөний бодлого хэвийн голдрилдоо орохын дохио гэж шинжээчид дүгнэж байна. Үүнээс өмнө Эрдоганы уламжлалт бус гэж тооцогддог эдийн засгийн бодлого, тэр дундаа бодлогын хүүг өндөрсгөвөл инфляц мөн өснө гэдэг үзэл хандлага хүчтэй шүүмжлэлд өртөж ирсэн юм. Энэ зуур Эрдоганыг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш Туркийн лирийн ханшийн уналт үргэлжилсэн хэвээр, одоогийн байдлаар 1 нэг ам.доллар 23,47 лиртэй тэнцэж байгаа юм байна. Мөн Туркийн инфляцын түвшин өнгөрөгч 5-р сарын байдлаар 39,59 байсан. Тус улсын тавдугаар сарын инфляцын түвшин жилийн дүнгээрээ 39.59 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны 10-р сард Туркийн инфляц 85.51 хувь болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байсан юм.
БНТУ-ын төв банкны тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн томилогдов | ||
Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.