Шууд Chart

БНЭУ Украин улсыг “Хорийн” бүлгийн дээд хэмжээний уулзалтад урих төлөвлөгөөгүй байна

2023-06-11 14:56:51

Энэтхэг улс ирэх 9-р сард болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалагч орны хувиар Украиныг энэ уулзалтад урих төлөвлөгөөгүй байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьян Жайшанкар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ өчигдөр энэ тухай мэдэгджээ.

“Хорийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтад манай зүгээс урилгатай энэхүү бүлгийн гишүүн орнууд болоод байгууллагууд оролцох болно. Өнгөрсөн оны 12-р сард “Хорийн бүлгийг” даргалагч орны үүргийг хүлээж авсан даруйгаа бид, энэ уулзалтад урьсан улсуудынхаа жагсаалтыг зарлаж байсан” гэж Жайшанкар ярьсан байна. Оросоос ялгаатай нь Украин улс “Хорийн бүлэгт” гишүүнчлэлгүй. Мөн Энэтхэг улс Украинд Оросын явуулж байгаа өргөн хүрээтэй цэрэг дайны ажиллагааг илтэд зэмлэн буруутгахаас түдгэлзэж, яриа хэлэлцээ, дипломатын аргаар дайныг эцэс болгохыг эрмэлзэл илэрхийлдэг байна. Тус дээд хэмжээний уулзалтад Украиныг урих боломжийн тухайд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд, “энэ талаар бид үнэндээ судлаагүй, бас аль нэг талтай огтоос зөвлөлдөөгүй асуудал байна” гэж ярьжээ. “Хорийн бүлэг”-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад ирэх 9-р сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд Нью-Делид болно. Нью-Делид чуулах “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар Украины дайн, дэлхийн хүнс болон түлш шатахууны нийлүүлэлтийн асуудалд үүсч байгаа гацаа саатлын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.

Үүний өмнө өнгөрсөн онд Индонезид болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Зеленский уригдаж байсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухайд, “Жи-20”-ийн уулзалтад оролцохоор Энэтхэгт очих эсэх нь нэмэлтээр ярьж шийдэх асуудал, гэхдээ Путин очиж магадгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ Украин улсыг “Хорийн” бүлгийн дээд хэмжээний уулзалтад урих төлөвлөгөөгүй байна  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй