Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 37 зүйл ангиар буруутгажээ

2023-06-11 14:59:56

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг, цөмийн аюулгүй байдал, цэргийн төлөвлөгөө гэхчлэн нууцын зэрэглэлтэй маш олон бичиг баримтыг хууль бусаар авч хадгалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Үүн дээрээс нэмээд 2021 онд Цагаан ордны тэргүүнээс бууснаасаа хойш шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой хуйвалдаан үүсгэсэн хэрэгт буруутгаж байна. Энэ мэтчилэн, Ерөнхийлөгч асныг нийт 37 зүйл ангиар буруутгасан яллах дүгнэлтээ АНУ-ын Холбооны Шүүх өчигдөр зарласан байна.

Эдгээр 37 зүйл ангийн 31 нь үндэсний батлан хамгаалахтай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг эрүүгийн гэмт хэрэгт авч үздэг Тагнуулын тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа юм байна. Бусад 7 заалт нь, шүүхэд худал мэдүүлэг өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор хуйвалдаан үүсгэсэн гэсэн 2 үйлдэлд хамаатай байна. Дональд Трамп харин энэ тухайд, нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан, өөрийгөө ямар ч гэм буруу зүйл хийгээгүй гэж мэдэгджээ. Тэрээр энэ сарын 13-нд Майамид шүүх дээр мэдүүлэг өгөх учиртай. Үүний дараа түүнд таслан сэргийлэх ямар арга хэмжээ авахыг шийдэх юм байна. Трамп хэрэв шүүхээр орж, гэм буруутай нь тогтоогдох нөхцөлд багагүй хугацаагаар хоригдох ял авах заалттай гэдгийг хууль эрхийн мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ Трамп тэр бүх хууль зөрчсөн үйлдлийг зориуд санаатайгаар үйлдсэн гэдгийг нотлох прокуроруудад амаргүй ажил байх болно гэдгийг шинжээчид мөн тэмдэглэж байна. Трампт холбогдох хэргийн мөрдөн шалгалтыг тусгай томилогдсон хараат бус прокурор Жек Смит удирдан явуулж байгаа юм. Трампын Мар-а-Лаго эдлэнд нууцлал бүхий баримт бичгүүдийг зохисгүй байдалтайгаар, тодруулбал, угаалгын өрөө, агуулахын байр, шүршүүр зэрэг газарт ямар ч хараа хяналтгүй сул задгай байлгаж байсныг илрүүлсэн. Энэ хэрэгт холбогдуулж Трампын туслах асан Уолт Наут-д мөн зэм тулгажээ. Үүнээс өмнө өнгөрөгч 4-р сард Нью-Йорк мужийн Их Шүүхээс мөн Трампыг, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байх нөхцөлтэй мөнгө төлсөн хэрэгт холбогдуулж буруутгасан. 

АНУ-ын Бүгд найрамдах намаас ирэх 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөртэй хүний нэг Трамп ийнхүү нэгэн зэрэг 2 ч эрүүгийн гэмт хэрэгт мөрдөн шалгагдах болж байна. Гэхдээ өөрт нь тулгаж байгаа гэмт хэргүүдийн аль нэгэнд ч бол гэм буруутай нь тогтоогдсон байсан Дональд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа өрнүүлэх юм уу албан тушаалдаа орох эрх нь хасагдахгүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг 37 зүйл ангиар буруутгажээ  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй