Шууд Chart

Украины үндэсний арми ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг сөрөх довтолгоо эхлүүлжээ

2023-06-11 15:13:06

Украин улсын үндэсний арми ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг сөрөх довтолгоогоо аль хэдийн эхлүүлсэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Тэрээр Киев хотноо Канадын ерөнхий сайд Жастин Трюдог хүлээн авч уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал дээр энэ тухайгаа мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр тус улсын үндэсний армийн Оросын зэвсэгт хүчний эсрэг сөрөх, хамгаалах довтолгоо яг одоо үргэлжилж байгаа юм байна. Харин Украины армийн сөрөх довтолгоо ямар шатандаа, ямар түвшинд байгаа талаар ерөнхийлөгч Зеленский дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс зайлсхийжээ. Харин энэхүү сөрөх довтолгоо амжилтад хүрнэ гэдэгт Украины ерөнхийлөгч итгэлтэй байгаагаа илэрхийлж, өдөр бүр байлдааны талбар дээр байгаа армийн командлагчидтайгаа өдөр бүр ярьж байгаа, тэд бүгд өөдрөг байгааг онцолжээ. Харин баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины арми сөрөх довтолгоогоо эхлүүлсэн тухай мэдэгдсэн. Мөн Британийн батлан хамгаалах яам “сүүлийн 48цагийн дотор Украины зүүн болон өмнөд бүс нутгийн хэд хэдэн хэсэгт Украины армийн томоохон ажиллагаа болсон гэж бямба гарагт мэдээлсэн байна. Тухайлбал Украины арми зарим бүс нутагт маш сайн давшсан, Оросын хамгаалалтын эхний шугаманд нэвтэрсэн байх магадлалтай, зарим хэсэгт Украины давшилт удаашралтай байна гэж Британийн батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.

Харин өчигдөр Оросын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ: Украины арми өнгөрсөн 24 цагийн турш Донецк, Запорожийн өмнөд бүс нутаг, Бахмут хотын захад сөрөх довтолгоо явуулахыг оролдож байна, гэвч Украины армийнхан бүтэлгүйтсэн хэвээр байна, Оросын арми тэдний довтолгоог няцаасаар байгаа тухай мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины үндэсний арми ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг сөрөх довтолгоо эхлүүлжээ  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй