
Украины хүчнийхэн сөрөг давшилтаа ахиулж улсынхаа зүүн бүсэд амжилт олсон гэж мэдэгдэж байна. Харин Оросын цэргийнхэн Өрнөдийнхний Украинд нийлүүлсэн зэвсгийг устгасан талаараа мэдээлжээ.
Украины цэргийн анги нэгтгэлүүдээс ням гарагт нийгмийн сүлжээнд мэдээлснээр, тэд зүүн бүсийн Донецкт хэд хэдэн сууринг эргүүлэн авснаа мэдээлсэн байна. Буудалтад өртөж нурж сүйдсэн барилгууд дээр цэргүүд Украины далбаа мандуулж байгаа бичлэг мөн байршуулжээ. Оросын хүчнийхэн харин Донецк, Запорожийн өмнөд хэсэг болон бусад газарт цохилт өгсөн талаар Батлан хамгаалах яам нь ням гарагт мэдээлсэн байна. 11 танк, тэр дундаа германы үйлдвэрийн “Леопард” танк 3-ыг, бусад хуягт техник устгасан гэж тэнд мэдээлжээ. Гэхдээ хоёр талын өгч байгаа мэдээллүүдийг бие даасан эх сурвалжуудаар нотлох боломжгүйг олон улсын хэвлэлүүд мөн дурдаж байна.
Үүний зэрэгцээ Украины Дотоод хэргийн яам Херсон мужийн өмнөд дэх Каховка-гийн усан далан сэтэрснээс үүдэлтэй хүчтэй үерийн улмаас наад зах нь 6 хүн амь эрсдэж, 35 хүн сураггүй болсон тухай мэдэгдсэн байна. Украины БХЯ-ны дэд сайд Анна Маляр даланг сэтэлсэнд Оросуудыг буруутгасан байр суурь мөн илэрхийлжээ. Украины сөрөг давшилтыг саатуулж, өөрсдөдөө шаардлагатай хүчээ төвлөрүүлэх зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж тэр ням гарагт нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.
Сөрөг давшилт эхлүүлсэн Украины хүчнийхэн хэд хэдэн суурин эргүүлж авсан гэж мэдээлжээ | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.