
Германы засгийн газар энэ лхагва гарагт, Үндэсний аюулгүй байдлын стратеги батлахаар төлөвлөж байна. Улсынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд энэ баримт бичиг гол чиглэнэ гэдгийг канцлер Олаф Шольц Зүүн Германы эдийн засгийн форум дээр зарласныг “Блүмберг” мэдээлжээ.
Эрчим хүч, түүхий эд, өндөр технологи зэрэг гол чухал салбаруудад Германы бусад улсаас хараат байдлыг бууруулахад энэ баримт бичиг чиглэнэ гэдгийг Германы канцлер мөн дурдсан байна. “Шинэ тутам хүчний төвүүд бий болж байгаагаас өнөөгийн олон туйлт дэлхий ертөнц улам ээдрээ төвөгтэй болж байна. Тиймээс шинэ түншлэлийн харилцаа үүсгэж бүрэлдүүлэх шаардлага бидэнд тулгарч, үүний төлөө ч бид ажиллаж байна” гэж Шольц ням гарагт Германы зүүн бүс дэх бизнесийн хөгжлийн асуудлыг авч хэлэлцсэн форумд үг хэлэхдээ мэдэгджээ. Шольцийн хувьд, Германы бизнес эрхлэгчдийг Хятадаас хэт хамаарах байдлаас зайлсхийж, ялангуяа Азид шинэ зах зээлүүд эрэлхийлэхийг сүүлийн саруудын туршид уриалах болсныг хэвлэлүүд дурдаж байна. Мөн тэрээр Европын орнуудын удирдагчдыг ч бас Энэтхэг, Индонез, Мексик зэрэг улстай худалдааны яриа хэлэлцээ өрнүүлэхэд уриалж байжээ.
Үндэсний аюулгүй байдлын стратегийг энэ лхагва гарагт Засгийн газрын түвшинд баталсан даруйгаа маргааш нь Бундестаг буюу парламентад хэлэлцүүлэхээр өргөн барихаар төлөвлөж байгааг Германы RND уламжилсан байна. Уг баримт бичгийг баталснаар Герман улс түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын стратегитай болно гэдгийг Германы өдөр тутмын “Sudwest Presse” сонинд онцолсон байна. Энд мэдээлснээс үзвэл, Германы засгийн газар энэ баримт бичгийг бүр өнгөрсөн онд батлахаар төлөвлөж байсан ч эрх баригч эвсэл дотооддоо маргаантай байсны улмаас хойшлоод байжээ. Өөрөөр хэлбэл, Шольцийн тэргүүлдэг Германы Социал-демократ нам болон Гадаад хэргийн сайд Анналена Бербокийн тэргүүлдэг “Ногоон” намын хооронд маргаантай асуудлууд байсныг “Sueddeutsche Zeitung”-т мөн бичсэн байна. Тодруулбал, Бербок стратегийн энэ баримт бичигт Хятадын бодлогыг буруутгасан байр суурь оруулахыг шаардаж байсан бол, Шольц гео стратегийн асуудлуудаар илүү аядуу үзэл томьёолол баримтлахын төлөө байр суурьтай байсан гэж тэнд бичжээ.
Германы эдийн засаг чамгүй хугацааны туршид алгуур унах төлвөөс үүдэж Европын Холбоонд бүхэлд нь сөрөг үр нөлөө учирч болзошгүй эрсдэл нүүрлэсэн. Улмаар Европын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч Германы хүчин чадлыг доголдуулахгүй байхад Шольцийн энэ бодлого гол чиглэж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Тухайлбал, импортын бүтээгдэхүүнүүдээс гадна, автомашин зэрэг гол нэрийн бараагаа борлуулах зах зээлээ тэлэх шаардлага тулгарчээ. Гэвч “Сименс”, “Вольксваге” зэрэг зарим томоохон компаниудын удирдлагын зүгээс энэ тал дээр хойрго хандаж байгаа нь бэрхшээл дагуулж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Герман улс өнгөрсөн онд гэхэд, 323 тэрбум ам.долларын буюу ДНБ-ийхээ бараг 8 хувьтай тэнцэх худалдаа өрнүүлсэн худалдааны хамгийн том түнш Хятадтай эв эвдрэлцэх сонирхолгүй байгаа юм.
ХБНГУ түүхэндээ анх удаа үндэсний аюулгүй байдлын стратеги батална | ||
Үзсэн: 375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.