
Их Британийн засгийн газрын Ковид-19 цар тахлын эсрэг явуулсан үйл ажиллагаа олон нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Учир нь энэ асуудлаарх анхны нийтийн сонсгол мягмар гарагаас эхэлжээ. Европын бусад улстай харьцуулахад Их Британид нас баралт хамгийн өндөр хувьтай байсан нь асуудал дагуулж болзошгүй бас нэг сэдэв болж байгаа юм байна.
Цар тахлын үед Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд асан Борис Жонсон хөл хорионы журмыг зөрчиж үдэшлэг цэнгүүнд оролцсон асуудлаар парламентыг төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа. Улмаар түүнийг парламентын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсаны дараахан энэхүү Нийтийн сонсгол эхэлж байна. Чөлөөнд гарсан шүүгч Хизер Халлеттаар ахлуулсан Цар тахалтай тэмцэх арга ажиллагааг мөрдөн шалгах ажлын хэсгийг Борис Жонсон Ерөнхий сайд 2021 онд байгуулж байсан юм байна. Энэ сонсголоор эхний ээлжид, Их Британи улс эрүүл мэндийн салбарт дэлхий нийтийг хамарсан онц байдал үүсэхэд хэр бэлтгэлтэй байсан бэ гэдэг асуудлыг авч үзэж байна. Энэ хүрээнд Британийн тэргүүлэх тархвар судлаач Жимми Уитворт, Шарлотта Хаммер нар өнөөдөр мэдүүлэг өгч байна. Нийтдээ 6 үе шаттай явагдах Сонсголын явцад цар тахлын үед ямар нэг байдлаар хохирсон 226 мянган хүнээс мэдүүлэг авна гэдэг амлалтыг Ажлын хэсгийн ахлагч хатагтай Халлетт өгч байгааг “Скай ньюз” мэдээлжээ. Үндэсний цөөнхөд хамаардаг хүмүүс коронавирусээр нас барах эрсдэлд яагаад хамгийн их өртөж байсан, мөн цар тахлын эхэн үед Их Британи даяар хөл хорио тогтоосон хэр үндэслэлтэй байсан гэдгээс авхуулаад, урт хугацааны хөл хорионы улмаас хүүхдүүдийн боловсрол хүмүүжил төдийгүй сэтгэцэд нөлөөлөх хэмжээний олон сөрөг үр дагавар тулгарсныг судлаачид анхааруулж ирсэн.
Ийнхүү маш өргөн цар хүрээтэй явагдах сонсголд мэдүүлэг өгөх гэрчүүдийн нэрсийн жагсаалтыг 7 хоног тутам зарлах бол, сонсголд тухайн үед алба хашиж байсан болон одоо алба хашиж байгаа улстөрчид оролцох юм байна. Үүний зэрэгцээ Ковид-19-өөр нас барсан хүмүүсийн төрөл төрөгсдийг энэ жагсаалтад оруулаагүй байна гэж бухимдсан хүний эрхийн байгууллагууд энэ сонсголыг дүр эсгэсэн “хуурамч жүжиг” гэж нэрлэжээ. Хоёр дахь шатны мөрдөн шалгалтаар Засгийн газраас эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээ, вакцин, эмчилгээ зэрэг чиглэлд авч хэрэгжүүлсэн алхмуудыг голлож авч үзэхээр төлөвлөсөн байна. Ийнхүү Нийтийн энэ сонсгол үе шаттайгаар 2026 оны зун хүртэл 3 жил гаран үргэлжлэхээр байна. Энэ явцад Ажлын хэсгийн дүгнэлтүүд, мөн Зөвлөмжүүд ч гарч байх юм байна. Мөн энэ мөрдөн шалгалт заавал хэн нэг “гэм буруутан”-ыг хайж олох зорилготой биш гэдгийг анхааруулж байна.
ИБУИНХУ-д цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг мөрдөн шалгах нийтийн сонсгол эхлэв | ||
Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.