
НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар ирэх сард Литвад болох дээд хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар Брюссельд хоёр өдөр хуралдлаа.
Хурлын хүрээнд Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО-Украины хооронд шинэ зөвлөл байгуулсан байна.
Ирэх сард дээд уулзалтын үеэр энэхүү шинэ зөвлөлийн анхны хуралдааныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гэхдээ 31 гишүүнтэй НАТО-гийн эрх баригчид Украин улсыг гишүүнээр элсүүлж авах эсэх дээр хуваагдмал байр суурьтай хэвээрээ байна.
1997 онд НАТО батлан хамгаалах болон бусад асуудлаа хэлэлцэх зөвлөлийг Украинтай байгуулж байсан. 2014 онд ОХУ Крымын хойгийг өөртөө нэгтгэж авахад НАТО-Украины зөвлөл ээлжит бус чуулган хуралдуулж байсан юм.
Харин сая байгуулсан зөвлөл өмнөхөөсөө өөр арга барилаар ажиллах юм байна. НАТО-гийн ЕНБД Йенс Столтенбергийн мэдэгдсэнээр энэхүү шинэ зөвлөлд Украин улс НАТО-гийн гишүүн орнуудтай эн тэнцүү эрхтэй байж, харилцан сонирхож байгаа аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж, шийдвэр гаргадаг болох юм байна.
НАТО-гийн гишүүн орнууд Украиныг гишүүнээр авахыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэзээ, хэрхэн элсүүлэх талаар санал нэгдэж чадахгүй байгаа. Төв болон Зүүн Европ дахь НАТО-гийн гишүүн орнууд Украиныг түргэвчилсэн горимоор элсүүлэхийг дэмжиж байгаа төдийгүй ирэх сард болох дээд уулзалтаар Украины гишүүнчлэлийг тодорхой болгох замын зургийг гаргана гэж найдаж байна.
Харин Баруун Европын орнууд нь Украиныг НАТО яарч авснаар хурцадмал байдлыг улам өдөөж, цэргийн эвслийг дайнд татан оруулах эрсдэлтэй гэсэн үүднээс яаравчлахын эсрэг байгаа юм.
НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад дэлхийн батлан хамгаалах салбарын тэргүүлэгч 20 компанийн удирдлага оролцжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Оросын Украинд хийж байгаа дайн Евро-Атлантын аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул учруулж байна. Бид одоогоор НАТО-гийн команд дор 40 гаруй мянган цэрэг байнга байлгаж, мөн олон тооны цэрэг агаарын болон тэнгисийн хүчнээр хамгаалуулан өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэлх олон улсын цэргийн тоог хоёр дахин өсгөлөө. Удахгүй болох дээд уулзалтаар хориглон хамгаалах, тогтоон барих хүчээ бэхжүүлэх шийдвэр гаргахад бэлтгэж байна” гэж ярилаа.
НАТО-гийн дээд уулзалтыг угтсан сүүлийн өндөр түвшний энэхүү уулзалтаар Украины цэрэг армийг үйл ажиллагаа, техникийн хувьд НАТО-гийн жишигт хүргэхэд санхүүгийн болоод бусад талаар дэмжлэг үзүүлэх, Украиныг сэргээн босгоход урт хугацаанд дэмжлэг үзүүлэх багц хөтөлбөрийг хэлэлцсэн байна.
НАТО-гийн орнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр тохирсон ч гишүүн орнууд батлан хамгаалахын төсвөө одоогийн ДНБ-ий хоёр хувиас дээш хэдий хэр хэмжээнд нэмэгдүүлэх тал дээр нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй хэвээрээ байна.
Холбоотон орнууд НАТО-Украины шинэ зөвлөл байгууллаа | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.