Шууд Chart

Японы Ерөнхий сайд ирэх сард Ойрх Дорнодын орнуудад айлчилна

2023-06-18 12:19:39

Японы Ерөнхий сайд Фумио Кишида ирэх долоодугаар сарын дундуур Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.

Айлчлалын гол зорилго Украины дайн болон бусад хүчин зүйлээс үүдэлтэйгээр савлаж байгаа олон улсын газрын тосны зах зээлийг тогтворжуулахад хамтран ажиллах, Японд нийлүүлдэг шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байна.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Фумио Кишида газрын тос олборлогч орнуудыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд нь Японы дэмжлэгийг амлах болов уу гэсэн таамаг байна.

Саудын Араб нь Японы нэгэн адил "20"-ийн бүлэгт багтдаг. Иймээс Япон Саудтай ирэх есдүгээр сард Энэтхэгт болох "20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хамтын ажиллагаагаа бататгахыг зорих болов уу гэсэн таамаг байна.

Япон, Арабын нэгдсэн Эмират улсууд нь өнгөрсөн сард батлан хамгаалахын техник, технологи дамжуулах гэрээ байгуулсан. Иймээс Фумио Кишидагийн айлчлалаар хоёр тал аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа тэлэх бодлого барьж байгааг нотлох төлөвтэй байна.

Япон нь зөвхөн уламжлалт эрчим хүчний салбар гэлтгүй цэвэр эрчим хүч зэрэг шинэ салбаруудад Ойрх Дорнодын орнуудтай харилцаагаа ахиулахыг зорьж байгаа. Мөн Фумио Кишида уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд хатуу түлшний хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, газрын тос олборлогч орнуудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхэд нь Японы дэмжлэгийг амлаж байгаа юм.

Ногоон технологиороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс тогтвортой эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Ойрх Дорнодын орнуудтай ойр ажиллах бодлого барьж байна. Энэ ч үүднээс Фумио Кишида сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй тогтвортой ирээдүйг дэмжих зорилгоор хоёр талын түншлэл, технологийн солилцоог айлчлалынхаа хүрээнд санал болгох төлөвтэй байна.

Фумио Кишида өнгөрсөн оны зун Арабын нэгдсэн Эмират болон Ойрх Дорнодын бусад улсуудад айлчлахаар төлөвлөж байсан ч коронавирусний халдвар авсны улмаас айлчлалаа цуцалсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд ирэх сард Ойрх Дорнодын орнуудад айлчилна   
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй