
Швейцарт ням гарагт бүх нийтийн санал хураалт болж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэхэд чиглэсэн эрс шинэчлэлүүдийг олонхын саналаар дэмжлээ. Хүлэмжийн хийг шингээж чадах хэмжээндээ л ялгаруулах зарчимтай энэ хуулийн төслийг санал хураалтад оролцсон иргэдийн 60 шахам хувь нь дэмжсэн байна.
Швейцарын мөсөн голууд хурдацтай хайлж байгаад олны анхаарлыг хандуулж, уур амьсгалыг хамгаалах кампанит ажил өрнүүлсний үр дүн гэж энэхүү санал хураалтын дүнг байгаль хамгаалагчид болон энэ талын судлаач шинжээчид үзэж байна. Одоогоос яг 2 жилийн өмнө үүнтэй төстэй бас нэг хуулийг Швейцарын иргэд баталж байсан нь бензин, бас нисэх онгоцны тийзэнд нэмэлт татвар ногдуулах заалттай байсан. Харин “уур амьсгалыг хамгаалах”-д чиглэсэн гэгдэж байгаа одоогийн шинэ хуулийн дагуу, Швейцар улс нефть болон байгалийн хийн импортоос хараат байдлаа мэдэгдэхүйц бууруулж, оронд нь, нар, салхины гэхчлэн байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний дотоод эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх ёстой болж байна. Дараагийн 10 жилийн туршид сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд 2 тэрбум Швейцар франк буюу 2,2 тэрбум ам.доллар зарцуулахаар энэ хуульд тусгасан байна.
Швейцарт байдаг мөсөн голууд урьд үзэгдээгүй хурдацтайгаар хайлж, зөвхөн өнгөрсөн онд гэхэд овор хэмжээ нь 6 гаран хувиар хорогдсон үзүүлэлттэй байгаагаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудал энэ улсад онцгой чухлаар тавигдах болоод байна. 2001-2022 оныг дуусталх хугацаанд эндхийн мөсөн голуудын хэмжээ бараг 3/1-ээр хорогджээ. Уур амьсгалд хортой хаягдлын хэмжээг 2050 онд 1991 оны түвшнээс 75 хувиар бууруулбал эрчим хүчний түүхий эдийн үнэ огцом өснө гэдэг үүднээс баруун төвийн консерватив үзэлт Швейцарын хамгийн том SVP нам шинэ хуулийн төслийн эсрэг байр суурьтай байгаа юм байна. Энэ намын дарга Марко Кьеза энэ хуулийн төслийг баталснаар эрчим хүчний зардал 400 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдэх атлаа дэлхийн уур амьсгалд онцын үр нөлөөгүй гэж мэдэгдэн, “утопи” хууль гэж нэрлэжээ. Мөн намынхан нь Швейцарын шууд ардчиллын зарчмын дагуу, өөрсдийн талынхнаас хангалттай тооны гарын үсэг цуглуулж чадсан боловч бүх нийтийн санал асуулгын дүн ийнхүү тэдний хүссэнээс эсрэг гарсан байна. Швейцарын шууд ардчиллын зарчмаар, 100 мянган хүний гарын үсэг цугларсан нөхцөлд бүх нийтийн санал хураалт явуулах тогтолцоо үйлчилдэг. Тиймээс чухал гэсэн бараг бүхий л асуудлыг иргэдийн шууд санал хураалтаар шийддэг юм байна.
Дэлхийн цаг уурын байгууллага мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард, Альпийн нурууны мөнх цэвдэг хайлж байгаагаас үүдэн байгалийн гамшигт үзэгдэл олширч, усан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болоод аялал жуулчлалд сөрөг нөлөөлөн Швейцарын эдийн засагт онц их хохирол учрахыг анхааруулж байсан юм.
Швейцарын иргэд 2050 он гэхэд байгальд хорт хаягдалгүй улс болохыг дэмжив | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.