Шууд Chart

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул нь сүйрснийг “ноцтой алдаа” гэв

2023-06-20 12:44:18

Өнгөрсөн сард анх удаа хөөргөсөн цэргийн тагнуулын хиймэл дагуул нь сүйрснийг Умард Солонгосын өндөр албаныхан, энэ оны “хамгийн ноцтой алдаа” хэмээн эрс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн энэ хиймэл дагуулын дараагийнхийг удахгүй хөөргөхийг холбогдох албаныханд даалгасан байна. Умардын удирдагч Ким Жон Уны оролцсон Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын илтгэлд ингэж өгүүлснийг мэдээний төв агентлаг нь уламжилсан байна.

Мөн энэ хурлаас, пуужин хөөргөлтөд бэлтгэх үүрэг бүхий ажилтнуудын хариуцлагагүй байдлыг “эрс хатуу” зэмлэн буруутгажээ. Мөн учир шалтгааныг нарийвчлан тогтоож, дараагийн хөөргөлтийг богино хугацаанд амжилттай гүйцэтгэх, улмаар тагнуулын мэдээлэл цуглуулах Ардын армийн хүч боломжийг нэмэгдүүлж, сансар судлалын хөгжилд илүү амжилт гаргах үүрэг даалгаврыг холбогдох ажилтнууд болоод эрдэмтэн судлаачдад өгсөн байна. Умард Солонгос тавдугаар сарын 31-нд цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа тойрог замд гаргахаар хөөргөсөн ч тээгч пуужин нь үндсэн ачааны хамтаар далайд унасан, шалтгаан нь пуужингийн хөдөлгүүр гацсанаас болсон гэж Пхеньян дараа нь мэдээлсэн юм. Мөн пуужин нь сүйрснийг улс үндэстэндээ мэдээлсэн анхны тохиолдол энэ болжээ.

АНУ болон Өмнөд Солонгосын чигт тавих хяналт тандалтаа нэмэгдүүлэх зорилгоор сансрын хиймэл дагуулын хяналтын системтэй болох нь Умардын удирдагч Ким Жон Уны тэргүүлэх зорилтуудын нэгд багтдаг. Вашингтон болон Сөүл харин Пхеньяныг ийм пуужин хөөргөснөөрөө баллистик пуужингийн технологи ашигласан аливаа туршилт явуулахыг хориглодог НҮБ-ын тогтоолыг зөрчсөнд буруутгаж байгаа юм. Тив алгасагч баллистик пуужин болон сансарт гарах пуужингийн технологи олон талаараа хоорондоо адилхан гэж шинжээчид үздэг. Гэхдээ Умард Солонгос дараагийн пуужингаа хэзээ хөөргөх талаар төв агентлагийн мэдээлэлд дурдаагүй байна.

Умард Солонгос улс ирэх долоодугаар сард Солонгосын дайнд түр гал зогсоох гэрээ байгуулсны 70 жилийн ой, есдүгээр сард улс байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэнэ. Тиймээс цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх хоёр дахь оролдлогоо эх оронч үзэл суртлын үүднээс аль нэг чухал тэмдэглэлт өдрөөр хийх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Эрх баригч Хөдөлмөрийн намын 8  дахь удаагийн Төв хорооны гурван өдрийн чуулганаар Батлан хамгаалах болон дипломат стратегийн талаар хэлэлцсэн юм байна. Энэ үеэр Солонгосын хойгийн нөхцөл байдал ээдрээтэй болж, хяналтаас гарч байгаагаас Пхеньян цэргийн хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж, өөрийгөө хамгаалах чадавхаа бэхжүүлнэ гэдгийг онцлсон байна. Мөн энэ уулзалтын үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, шинэ орон сууц барих зэрэг эхний хагас жилд дэвшүүлсэн зорилтуудаа дүгнэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул нь сүйрснийг “ноцтой алдаа” гэв  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй