
БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян анхны гадаад айлчлалаа Герман улсаас эхлүүлж байна. Энэ айлчлал Хятад улс АНУ-тай харилцаа нь тааруу байгаа үед Европ дахь худалдааны гол түнш Германтай илүү нягт харилцаатай байхыг эрмэлзэж байгаагийн илрэл гэж шинжээчид дүгнэж байна. Айлчлалын хүрээнд /2023.06.20/Хятад, Германы засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт болох юм байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт бараалхаж, Бээжин Берлинтэй хамтын ажиллагааны боломжуудыг илүү нарийн судлах, хоёр талын харилцаанд шинэ дэвшил гаргахад бэлэн байгааг тэмдэглэжээ. Мөн сүүлийн жилүүдэд Хятад, Германы харилцаа тогтвортой ахиц дэвшилтэй байж ирсний зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагаа зогсолтгүй тэлж, эдийн засаг, худалдаа, технологи, иргэд хоорондын харилцаа, соёлын хамтын ажиллагаа, ногоон хөгжил зэрэг олон салбарт шинэ ололт гарч байгааг онцолсон байна. Цаашид хятад улс Германтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн нийлүүлэлтийг сүлжээг хадгалахад хүчтэй дохио болохуйц стратегийн түншлэлийг бэхжүүлэх сонирхолтой байна. Ли Чян өнөөдөр Германы канцлер Олаф Шольцтой уулзалт хэлэлцээ хийжээ. Өнөөдөр /2023.06.20/ болох Хятад Германы засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтад Хятадын талаас төрийн зөвлөлийн ерөнхий сайдаас гадна 9 өндөр албан тушаалтан багтаж байгаа юм байна. Германы одоогийн Канцлер Хятадтай харилцах харилцаанд өмнөх канцлераас илүү бодолтой хандаж байгаа. Түүний засаг захиргаа энэ сарын эхээр Германы үндэсний аюулгүй байдлын стратегийн баримт бичгийг гаргасан.
Тус баримт бичигт Хятад улсыг олон улсын дэг журмыг өөрчлөхийг оролдож байна гэж буруутгасан ч цаг уурын өөрчлөлт болон дэлхийн бусад сорилттой тэмцэхэд хамтран ажиллах түншээ гэж нэрлэсэн юм. Герман улс ч Хятадтай хийх худалдаа болоод экспортын зах зээлээс хамааралтай байдлын тэнцвэрийг олохыг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл аль нэг зах зээлээс хамааралтай байж болохгүй гэсэн Долоогийн бүлгийн нэгдсэн бодлогыг Герман баримталж байгаа юм. Хятад нь сүүлийн 7 жил дараалан Германы худалдааны хамгийн гол түншийн байр сууриа хадгалж байна. Өнгөрсөн оны дүнгээр хоёр орны худалдааны эргэлт 300 тэрбум еврод хүрсэн байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын анхны гадаад айлчлал Германы нэгэн адил Европын гол тулгуур орнуудын нэг болох Франц улсад үргэлжлэх юм байна.
БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа ХБНГУ-аас эхлүүллээ | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.