
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдений 53 настай хүү Хантер Байден 2017, 2018 онуудад татвараа хугацаанд нь төлөөгүй гэдэг хоёр зөрчилд гэм буруутайгаа хүлээжээ. Шүүхийн баримтад дурдсанаар, АНУ-ын Хууль зүйн яам дээрх зөрчилд нь Хантер Байденд зэм тулгах бол, 2018 онд хөнгөн галт зэвсэг худалдаж авсан хэргийг хэрэгсэхгүй байхаар болсон байна.
Тухайн үед Хантер Байден мансууруулах бодис хэрэглэдэг байсан боловч буу худалдан авах хүсэлтээ эсрэгээр мэдүүлсэн байдаг байна. Хууль сахиулагчидтай сая тохирсны дагуу, Байден одооноос 2 жилийн туршид мансууруулах бодис хэрэглэхгүй, мөн хэзээ ч галт зэвсэг эзэмшихгүй байх ёстой болж байгаа юм байна. Энэ хэлцлийг, Хантер Байдений өмгөөлөгчид болон АНУ-ын Делавер муж дахь Ерөнхий прокурор Дэвид Вайс нарын хооронд сүүлийн хэдэн сарын туршид хэлэлцсэний эцэст байгуулжээ. Дэвид Вайс хэдийгээр өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын томилсон прокурор боловч 2020 онд Трампыг ялагдсаны дараа энэхүү, улс төрийн эмзэг хэргийг шүүхээр уригдсан байна.
Хантер Байдений өмгөөлөгч Кристофер Кларк, “Миний үйлчлүүлэгч болон Делавер тойргийн Прокурор нарын хооронд хоёр хэлцэл байгуулагдсныг зарласнаар Хантерыг шалгасан таван жилийн мөрдөн шалгалт дууссан гэж би ойлгож байна” гэж мэдэгджээ. “Мөн Хантер амьдралын амаргүй үедээ гаргасан алдаа, дон хамаарлын асуудалдаа хариуцлага хүлээх нь чухал гэж бодож байгааг би мэднэ” гэж ярьсан байна. Одоо хоёр талын байгуулсан хэлцлүүдийг АНУ-ын Холбооны прокурор батлах учиртай байна. Мөн Хантер Байден өөрийн албан ёсоор оршин суудаг, мөн татварын зөрчил гаргасан хэрэг үйлдэгдсэн Делавер муж дахь Холбооны шүүхээр орж, гэм буруугаа хүлээх юм.
Сүүлийн мөч хүртэл аливаа асуудал гарахгүй бол, түүнд хорих ял оноохгүй болов уу гэж ажиглагчид үзэж байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иэн Сэмс энэ тухайд, “Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар хүүдээ хайртай, түүнийг амьдралаа босгох хүртэл нь дэмжсээр байгаа. Хойшид энэ асуудлаар тайлбар хийхгүй” гэсэн мэдэгдэл гаргажээ. Трамп болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхан Хантер Байдений Украин болон Хятадад байгуулж байсан ажил хэргийн хэлцлүүдийг Байдений гэр бүлийнхний санхүүгийн хууль бус үйл ажиллагаатай холбохыг эртнээс чармайж байгааг америкийн хэвлэлд бичжээ. Байдений гэр бүлийнхний санхүүгийн хэргүүдийг мөрдөн шалгах ажлыг тэргүүлж байгаа бүгд найрамдах намын конгрессмэн Жеймс Комер гэм бурууг хүлээлгэх дээрх тохиролцоог эрс буруутгажээ. Хантер Байден эцэг нь дэд Ерөнхийлөгчийн алба хашиж, бас дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас Хантер Байден ашигтай гадаад хэлцлүүд байгуулж чадсан гэж бүгд найрамдахчууд нотолж байгаа юм байна.
Хантер Байден татвараас зайлсхийсэн гэм буруугаа хүлээнэ | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.