Шууд Chart

СУДАЛГАА: Японы компаниуд удирдлагадаа эмэгтэй гишүүдтэй болохоор судалж байна

2023-06-22 17:09:05

Японы пүүс компаниудын тал шахам хувь нь удирдлагадаа эмэгтэй гишүүдтэй болох асуудлыг хэлэлцэж эхэлсэн гэсэн судалгааны дүн гарчээ. Токиогийн хөрөнгийн биржийн топ ангилалд багтдаг 245 компани NHK агентлагийн явуулсан судалгаанд хамрагдсан юм байна.

Японы эдгээр томоохон пүүс компаниуд энэ сард хувь эзэмшигчдийн хурлуудаа хийж байгаа юм байна. Урьд өмнө удирдах зөвлөлдөө нэг ч эмэгтэй гишүүнтэй байсан түүхгүй тэдгээр компаниудаас 120 нь анх удаа удирдах зөвлөлдөө эмэгтэй гишүүдтэй болох асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлжээ. Японы хувьцаа эзэмшигчид ч бас компаниудын удирдах түвшинд хүйсийн тэнцвэрт байдал хэт алдагдсан байдлыг өөрчлөхийн төлөө дуу хоолой илэрхийлэх болсон байна. Гэхдээ пүүс компаниудын дийлэнх хувь нь эмэгтэй удирдлагын гишүүдээрээ ихэвчлэн гаднаас, хуульчид, их сургуулийн профессор зэрэг хүмүүсийг урих төлөвтэй байгаа юм байна. Долоон компаниас зөвхөн нэг нь л өөрсдийн ажилтнуудаас сонголт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж судалгаанд мэдүүлжээ. Японы засгийн газар энэ сард эмэгтэйчүүдийг чадавхжуулах болон хүйсийн тэнцвэрт байдлыг сайжруулах шинэ бодлогоо зарласан.

Энэ хүрээнд улсынхаа тэргүүлэх зэрэглэлийн томоохон компаниудын удирдлага дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн юм. Харин NHK-ийн явуулсан судалгаагаар ийнхүү, бизнесийн салбарын удирдлагууд өөрийн үндсэн ажилтнуудаас удирдах албан тушаалд томилохдоо тийм ч дуртай биш, харин гаднаас авч ажиллуулах сонирхол давамгайлж байгаа нь харагдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

СУДАЛГАА: Японы компаниуд удирдлагадаа эмэгтэй гишүүдтэй болохоор судалж байна  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй