
Цөмийн зэвсэгтэй таван орны ГХЯ, Батлан хамгаалахын сайд нарын уулзалт энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон байна.
АНУ-ын Төрийн департмент харин энэ тухай 7 хоног гаруйн дараа анх мэдээллээ. Стратегийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, цөмийн номлолууд болоод бодлогын асуудлыг хэлэлцсэн гэж мэдээлсэн Төрийн департмент уулзалтын дүнгийн талаар тодруулаагүй байна.
“Стратегийн эрсдэл” гэдэгт цөмийн зэвсгийн нөөцтэй улсуудын хооронд зэвсэгт хямрал дэгдэх, цаашлаад цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж болзошгүй эрсдэлийг авч үздэг байна.
“Цөмийн тавал” гэдэг бүтцэд Орос, АНУ-аас гадна Хятад, Их Британи, Франц багтдаг. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал түгшүүртэй, дээрх форматад багтдаг улс орнууд хоорондоо зөрчилдөөнтэй, мөн тэдний аливаа харилцаа үйл хөдлөл ихээхэн анхаарал татах болсон үед уулзалтаа нууцалсан нь ойлгомжтой хэрэг гэдгийг тоймчид тэмдэглэсэн байна.
Харин ч Төрийн департмент ийм уулзалт болсныг мэдээлсэн нь нэг алхам гэж үзэж байна. Өмнө нь энэ оны хоёрдугаар сард Дубайд болсон уулзалтын талаар олон нийт зөвхөн хэвлэлүүдээс мэдээлэл авч, албаныхан харин таг дуугүй өнгөрсөн байна.
Америкийн Төрийн департментын мэдээлснээр, сүүлийн уулзалт “ажлын түвшинд” болж, стратегийн аюул эрсдэлийг бууруулах, цөмийн номлолын зохицуулалтууд, мөн цөмийн хүрээний бодлогуудыг голлон хэлэлцсэн байна.
АНУ-ын талаас Төрийн департмент, Пентагон, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газрын төлөөлөл оролцсон бол бусад улсын цэргийнхэн бүгд очсон эсэх, оролцоо нь ямар түвшинд байсан зэрэг нь тодорхойгүй байна.
“Төлөөлөгчдийн мэргэжлийн арга хандлагад Америкийн Төрийн департаментын төлөөлөгчид баяр хүргээд, сэдвийн хэлэлцүүлгүүдэд БХЯ-дын төлөөлөгчдийг оролцуулсныг мөн сайшаасан” гэдгийг мэдээлэлд мөн дурджээ.
Одоогоор энэ форматыг даргалж байгаа АНУ “Дээрх чухал сэдвүүдийн хүрээнд яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд дөхөм үзүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно” гэдгээ мэдэгджээ.
Дараагийн ээлжинд энэ бүтцийг даргалах үүрэг ОХУ-д шилжих хуваарьтай байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй 5 гүрний төлөөлөгчид хооронд Цөмийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх үйл явц анх 2009 онд үүсч бий болсон түүхтэй байна.
Энэ бүтэц хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард Парист бүрэн утгаараа бага хурлаа хийж байсан. Харин 2022 оны хоёрдугаар сард Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсний дараагаас ажил нь хэсэгтээ завсардсаныг ажиглагчид тэмдэглэж байна.
Цөмийн зэвсэгтэй таван гүрний дипломатчид болон цэргийнхний төлөөлөл Каирт уулзжээ | ||
Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.