Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийн асуудлаарх Парисын дээд уулзалт өндөрлөв

2023-06-25 11:00:43

Дэлхийн хамгийн том хөгжлийн зээлдүүлэгчид ядуу буурай орнуудад зориулж хэдэн зуун тэрбум доллар гаргахаа амласан байна.

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт болон ядууралтай тэмцэхэд санхүүгийн шинэ гарцууд нээгдэх найдлага бий боллоо гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ногоон технологид шилжих санхүүжилтийг баталгаажуулах, хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг хөнгөвчлөх зорилготой дээд хэмжээний уулзалтыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ долоо хоногт Парист зохион байгуулсан юм.

Пүрэв, Баасан гарагт болсон энэ уулзалтад 40 гаруй улсын төр засгийн тэргүүн нар, түүний дотор Африкийн олон орны удирдагчид, мөн Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тэргүүн нар оролцсон юм.

Уулзалтын төгсгөлд Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто энд цугласан удирдагчид "Санхүүгийн хуучинсаг үзэл хандлагыг сөрж", "аль нэг улс үндэсний эрх ашгийг урьтал болголгүйгээр", дэлхийн Өмнөд, Умард бүсээрээ хуваагдалгүй, бас уур амьсгалын өөрчлөлтөд хэн буруутай гэж шүүлгүй, нэгдмэл байр сууриас ярилцлаа” гэж мэдэгджээ.

Тус дээд уулзалтыг зохион байгуулагч Франц улс “Ядуурлыг арилгах эсвэл эх дэлхийнхээ төлөө тэмцэх гэсэн сонголт аль ч улсад тулгарах учиргүй" гэдэг шинэчлэл, санхүүгийн өөрчлөлтийн үндсэн зарчмыг анхнаасаа зарласан байна.

Энэ уулзалтын дүнд зарим нэг улстай тусгайлан хэлцэл байгуулсны дотор Замби улстай өрийн зохицуулалтын багц, Сенегалтай 2.7 тэрбум ам.долларын “Эрчим хүчний шилжилтийн” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бол Дэлхийн банк, ОУВС-ийн үйл ажиллагааны хандлагад өөрчлөлт оруулах зэрэг дэлхий дахинд үр нөлөөтэй шийдвэрүүд батлагдсан байна.

Францын Ерөнхийлөгч энэ чуулга уулзалтыг дүгнэж хэлэхдээ, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслах зорилгоор улс орнуудад шинэ санхүүжилт буюу наад зах нь 400 тэрбум долларын хавьгүй хямд төсөр зээл олгох чиглэлд “тодорхой алхмуудыг” тохирлоо гэж мэдэгдсэн байна.

Мөн Дэлхийн банк болон санхүүгийн бусад институт байгалийн гамшиг сүйрэлд өртсөн орнуудын өрийг хойшлуулах зэргээр санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэх чиглэлд ойлголцолд хүрчээ.

Мөн дэлхийн дулаарлын нөлөөгөөр хохирол эсвэл алдагдал хүлээх байдал улам бүр нэмэгдэж байгаа үед тэдгээрийг шийдвэрлэх үүднээс далайн тээвэрт олон улсын татвар ногдуулдаг болох заалтыг 20 гаруй улс дэмжихээ илэрхийлсэн, ирэх долоодугаар сард болох Олон улсын Далайн байгууллагаас энэ шийдвэр эцэслэн батлагдаж магадгүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийн асуудлаарх Парисын дээд уулзалт өндөрлөв   
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй