
ОХУ-ын Ростов хотыг хяналтдаа авч, Москва хотоос 200 км-ийн зайд тулж ирсэн "Вагнер" хувийн зэвсэгт хүчинтэй Оросын эрх баригчид Беларусийн Ерөнхийлөгчийн зуучлалаар тохиролцоонд хүрсэн байна.
Тохиролцооны дагуу "Вагнер" бүлгийн удирдагч Евгений Пригожинд тулгасан зэвсэгт бослого зохион байгуулсан гэх хэргийг хааж, түүнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явах боломж олгосон байна. Ингэснээр Пригожины цэрэг ухарч, Пригожин Беларусь улсад шилжин суурьшихаар болжээ.
Оросын эрх баригчид тохиролцооны хүрээнд "Вагнер" хувийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Евгений Пригожиныг газар нутгаас нь аюулгүй гарах бололцоог олгосон юм байна.
Энэ дагуу өчигдөр шөнө Пригожин Ростов хотын цэргийн тойргийн командын байрнаас гарч байгааг харуулсан дүрс бичлэгийг Оросын хэвлэлүүдээр харуулжээ.
Ростов хотын захирагч ч "Вагнер"-ын цэргийн цуваа өчигдөр шөнө Ростов мужийг орхин гарсан болохыг баталжээ.
Пригожин "Цус урсгахгүйгээр ухрахаар шийдвэрлэлээ. Иймээс манай цэрэг хуучин байрлал руугаа ухарч байна" гэж мэдэгджээ. Өчигдөр орой Пригожины цэргүүд Москвад 200 км-ийн зайд тулж ирсний дараа Пригожин Оросын эрх баригчидтай хэлэлцээ хийсэн. Үүнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко зуучилсан юм байна.
Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Пригожины цэргүүдэд Кремль ямар нэгэн хариуцлага тооцохгүй байхаар тохирсон.
Иймээс түүний цэргүүд Украин дахь хуучин байрлалдаа буцаж байгаа юм байна. Харин Москва руу довтолсон ажиллагаанд оролцоогүй "Вагнер"-ын бусад цэргүүд Оросын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, удирдлагад нь шилжих юм байна.
Пригожин Москва руу цэргээ тулгаж ирж, шаардлага тавьсанаа төрийн эргэлт биш “Шударга ёсны тэмцэл” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Украинд хийж байгаа дайны ажиллагаанд Оросын эрх баригчдын зүгээс анхаарахгүй, сум зэвсгийн хангалт муу байгаагаас их хохирол амссан. Үүний хариуцлагыг Батлан хамгаалах яам үүрэх ёстой. Тэдэнтэй хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг тавьж байсан юм.
Харин үүнийг Оросын эрх баригчид “зэвсэгт бослого” гэж үзэж, Оросын холбооны аюулаас хамгаалах алба "Вагнер"-ын удирдлагыг зэвсэгт бослогод уриалсан хэргээр 20 жилийн ял тулгаж, мөрдөн шалгаж байгаагаа өчигдөр мэдэгдсэн юм.
“Вагнер” хувийн зэвсэгт бүлгийн удирдагч Пригожин Беларусь улсад шилжин суурьшихаар болжээ | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.