Шууд Chart

БНЭУ-ын Ерөнхий сайд 1997 оноос хойш Египет улсад анх удаа айлчилж байна

2023-06-25 14:02:14

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Арабын Бүгд Найрамдах Египет улсад албан ёсны айлчлал эхлүүллээ.

Энэ айлчлал Энэтхэг, Египет улсын хооронд харилцаа өргөжиж байгааг илтгэж байна гэж ажиглагчид тэмдэглэжээ.

Энэ нь 1997 оноос хойш Энэтхэгийн Ерөнхий сайдын Египет улсад хийж байгаа анхны айлчлал юм байна. Айлчлалын эхний өдөр хоёр орны Засгийн газрын тэргүүн нар хоёр талын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Мөн өнөөдөр Нарендра Моди Египетийн Ерөнхийлөгч Абдул Фатах Аль Сисид бараалхаж, албан ёсны хэлэлцээ хийх юм байна.

Айлчлалын хүрээнд хоёр орны Засгийн газар хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын хэд хэдэн санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Нарендра Моди Энэтхэгт төвтэй "Давууди Бохра" нийгэмлэгийн дэмжлэгээр саяхан шинэчлэн засварласан Исламын шашны түүхэн сүм Аль-Хакимаар зочлох юм байна.

Мөн тэрбээр дэлхийн 1-р дайны үед амь үрэгдсэн Энэтхэг цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, дайны дурсгалын хөшөөнд цэцэг өргөхөөр төлөвлөжээ.

Египетийн Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэг улсын Бүгд найрамдах улс байгуулсны ойн парадад албан ёсны зочноор уригдан оролцсоноос хойш зургаан сарын дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Кайрт айлчилж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон уулзалтын үеэр Сиси, Моди нар ирэх таван жилд хоёр талын худалдааг өсгөхөөр тохиролцоонд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, талууд 2022 онд 7.3 тэрбум ам.долларын дүнтэй гарсан худалдааны эргэлтийг ирэх таван жилд 12 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Абдул Фатах Аль Сисигийн айлчлалын үеэр хоёр тал кибер аюулгүй байдал, мэдээллийн технологи, соёл, өргөн нэвтрүүлгийн салбарт хамтын ажиллагааг тэлэхээр хэд хэдэн гэрээ байгуулсан юм байна.

Энэтхэг улс бол Египетийн түүхий газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий, давс, даавуу, органик бус химийн бодис, тосны ургамал зэрэг бүтээгдэхүүний таван гол импортлогч орны нэг нь. Харин Энэтхэгээс Египет рүү экспортлодог гол бүтээгдэхүүнд хөвөн утас, кофе, ургамал, тамхи, сэвэг зарам, тээврийн хэрэгслийн эд анги, хөлөг онгоц, завь, цахилгаан автомашин зэрэг зүйлс багтдаг юм байна.

Энэтхэгийн 50 гаруй компани химийн бодис, эрчим хүч, нэхмэл, оёмол эдлэл, хөдөө аж ахуйн бизнес, жижиглэнгийн худалдаа зэрэг Египетийн эдийн засгийн олон салбарт ойролцоогоор 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ-ын Ерөнхий сайд 1997 оноос хойш Египет улсад анх удаа айлчилж байна   
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй