
Японы Ерөнхий сайд Кишида Фумио ирэх сард Литва, Бельги болон Ойрх Дорнодын гурван улсаар айлчлахаар болсон байна.
Тэрбээр энэ тухайгаа Японы гол эрх баригч Либерал Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурал дээр зарлажээ.
Кишида Фумио долоодугаар сарын 11-14-нд Европт айлчлах явцдаа Литвад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох бол, Бельгид Европын Холбооны удирдагчидтай уулзах товтой байна.
Харин долоодугаар сарын 16-19-ний өдрүүдэд Ойрх Дорнодын Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт, Катар улсуудад айлчлахаар товложээ.
Түрүү долоо хоногт Кишида Фумио Хятадын цэрэг зэвсгийн үйл ажиллагаа улам бүр эрчимжиж байгаатай холбоотойгоор Өрнөдийн цэрэг батлан хамгаалахын эвсэл-НАТО-гийн Литвад болох дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ зарлаж байсан.
Харин Ойрх Дорнодын айлчлалынхаа явцад Японы Засгийн газрын тэргүүн Украины дайнтай холбоотойгоор нефтийн тогтвортой хангамж бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа эрэлхийлэх бодолтой байгаа гэсэн дипломат эх сурвалжуудын мэдээлэлтэй байна.
Мөн дээрээс нь Хятад улс Саудын Араб, Ираны хоорондын харилцааг түвшитгэхэд амжилттай зуучлах зэргээр Ойрх Дорнодын бүс нутагт харилцаагаа эрчимтэй өргөжүүлж байгаа үед Кишидагийн айлчлал таарч байна.
Түүний Саудын Арабын угсаа залгах хунтайж Мохаммед бин Салман, Арабын Нэгдсэн Эмирт улсын Ерөнхийлөгч Мохаммед бин Заид аль-Нахайян, Катарын Эмир Шейх Тамим бин Хамад аль-Тани нартай уулзах энэ удаагийн уулзалт Японы Ерөнхий сайдын хувьд 2020 онд Шинзо Абэгийн Ойрх Дорнодод хийсэн айлчлалаас хойших анхных болно гэдгээрээ онцлогтой.
Япон улс түүхий нефтиэ бараг бүхэлд нь гаднаас авдаг, тэр дундаа нийт импортынхоо 80-аас дээш хувийг Ойрх Дорнодын орнуудаас авдаг. Тиймээс Украины дайнтай холбоотойгоор эрчим хүчний түүхий эдийн хангамжид нь тодорхойгүй байдал үүссэн энэ үед Кишида Фумио Ерөнхий сайд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар нефтийн зах зээлийг тогтворжуулахад тус дөхөм үзүүлэхийг дээрх орнуудад уриалах бодолтой байгаа юм байна.
Уг нь Кишида Фумио өнгөрсөн оны наймдугаар сард Ойрх Дорнодод айлчлахаар төлөвлөж байсан ч тэрбээр коронавирусний халдвар авсны улмаас цуцлагдаж байжээ.
Японы Ерөнхий сайд ирэх сард Литва, Бельги, Ойрх Дорнодын орнуудад айлчилна | ||
Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.