Шууд Chart

Европын холбоо “Дижитал евро” нэвтрүүлэх төлөвлөгөө зарлажээ

2023-06-30 10:45:40

Европын холбоо нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог тоон хувилбарт шилжүүлэх төлөвлөгөө нийтлүүлсэн байна.

Энэ төлөвлөгөө төсөл нооргийн шатанд байхаасаа л эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэдгийг хэвлэлүүд дурдаж байна. Шүүмжлэгчдийн зүгээс ийм алхам үнэхээр шаардлагатай юу гэдэг асуултыг тавьдаг бол банкууд санаа зовоох асуудлууд байгааг уламжилдаг байна.

Нууцлалын тал дээр, мөн үнэ өсөх гэхчлэн эрсдэл үүсэхээс олон нийтийн хувьд болгоомжилдог аж. Европын Төв банкны захирал Кристин Лагардын 2020 онд анх дэвшүүлж байсан энэ санааг дэмжигчид харин шинэ систем бэлэн мөнгөнийхтэй зэрэг ажиллана. Цаашлаад ЕТБ энэ салбарт хэдийнэ идэвхтэй ажиллаж байгаа Европын бусад Төв банкуудтай хөл нийлүүлэх боломж бүрдэнэ гэж мэдэгддэг байна.

“Одоо үйлчилж байгаа төлбөр тооцооны дэд бүтцийг тоон еврогоор шууд орлуулах нөхцөлд тийм ч сайн зүйл болохгүй” гэдгийг Европын парламент дахь Германы депутат Маркус Фербер “Франс пресс”-т ярьсан байна.

Тоон евро нэвтрүүлэхийг Европын холбооны гишүүн бүх 27 улс дэмжсэн байх ёстой. Харин одоогоор тус холбооны 20 улс л энэхүү нэгдсэн мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг, Шведээс бусад зургаан улс нь 2002 онд энэ мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлснээс хойш Европын холбоонд элссэн улсууд юм.

Үүний зэрэгцээ сая зарлагдсан төлөвлөгөөний дагуу ажил явагдах нөхцөлд 2027 оноос тоон евро нэвтрэх боломжтой байна. Тоон евро гарснаар Visa, Mastercard зэрэг төлбөр тооцооны гадны компаниудаас хамаарах байдал Европ тивд буурна гэж үнэлгээний “Мoody`s” агентлаг оны эхээр мэдэгдэж байжээ.

Энэ нь цаашлаад Европын холбооны улс төрчдийн урт хугацааны зорилт биелнэ гэсэн үг юм. Энд дурдахад, тоон валютын хөгжилд Хятад улс анхдагчийн байр сууриа хадгалж, АНУ долларын тоон хувилбарыг гаргахаар зэхэж байгаа юм.

Хятадын Төв банкны тухайд юанийн тоон хувилбарыг дотоодын санхүүгийн системдээ өргөнөөр нэвтрүүлэх алхмууд тууштай хэрэгжүүлж байгаа боловч одоогийн байдлаар Хятадын хүн амын тавны нэг хүрэхгүй хувь нь энэ төрлийн валют хэрэглэдэг байна.

Тэрчлэн Японы Сангийн яам тоон иен гаргах боломжийг судлах Ажлын хэсэг байгуулж байгаа талаараа өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээлж байсан. Гэхдээ дижитал валют гаргах тодорхой төлөвлөгөө одоогоор байхгүй гэж Японы Төв банкны төлөөлөгчид мэдэгджээ.

Энэтхэг улс мөн мөнгөн тэмдэгтээ дижитал хэлбэрээр гаргахаар төлөвлөж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо “Дижитал евро” нэвтрүүлэх төлөвлөгөө зарлажээ  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй