
Исламын шашинтнуудын жил бүрийн хамгийн том үйл явдал байдаг "Хаж мөргөл" энэ жил цар тахлаас хойш анх удаа маш өргөн дэлгэр болж байгаа юм байна.
Гэхдээ Саудын Арабын Статистикийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ удаагийн мөргөлд тооцоолж байснаас хавьгүй цөөн буюу 1.8 сая гаруй сүсэгтэн оролцжээ.
Гэхдээ энэ тоо "Ковид-19" цар тахал дуусаад удаагүй гэдэг үүднээс мөргөлчдийн тоог 1 саяд хязгаарласан өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хамаагүй өндөр, 926 мянгаар давсан үзүүлэлт юм байна.
2019 онд энэ мөргөлд 2 сая 500 гаруй хүн оролцож байжээ. Саудын Арабын Меккад болдог энэ мөргөлд ихэвчлэн гадаад орнуудаас сүсэгтнүүд зорьж очдог байна.
Хэдий тооны исламын шашинтнууд аж төрдгөөс нь хамаарч Саудын Арабаас улс бүрт жил бүр тусгай квот оноодог. 270 сая гаруй исламын шашинтантай Индонез улс жил бүр хамгийн олон мөргөлчдөө илгээх эрх авдаг.
Энэ жилийн тухайд Индонезэд 221 мянган эрх олгогджээ. Үүний зэрэгцээ дэлхий даяарх үнийн өсөлттэй холбоотойгоор ислам шашинт олон хүний хувьд Мекка явж, "Хаж мөргөл"-д оролцох нь нэлээд амаргүй даваа болсныг хэвлэлүүд тэмдэглэж байна.
Египетэд гэхэд Засгийн газраас тэтгэлэг олгосон хэр нь "Хаж мөргөл"-д оролцох зардал хоёр дахин өссөн бол Индонезэд гурав дахин нэмэгджээ.
"Хаж мөргөл" болж байгаа үргэлжлэх хугацааны туршид ихэнхдээ аагим халуун цаг агаартай байгаа нь мөргөлчдийн бие, сэтгэл зүйд ихээхэн хүнд сорилт болж байна.
Зарим үед цельсийн 45 хэмээс давж халж байгаагаас наранд цохиулсан, халууны хямрал болсон 6700 гаруй тохиолдол гарсан, 4000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар Саудын Арабын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.
Энэ сарын 26-наас эхэлсэн "Хаж мөргөл" өнөөдөр өндөрлөх юм байна.
Саудын Араб цар тахлаас хойш анх удаа хамгийн олон мөргөлчид хүлээж авчээ | ||
Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.