
Япон, Өмнөд Солонгос хоёр улс хоорондын валютын своп хэлцлийг сэргээхээр тохирчээ.
Энэ нь тус хоёр улсын харилцаа бэхжиж байгаагийн бас нэг шинж болж байгааг Японы хэвлэлд онцолсон байна.
Япон, Өмнөд Солонгосын Сангийн яамны сайд нар болон бусад өндөр албаныхны хийсэн уулзалтын дүнд өчигдөр ийм тохиролцоонд хүрчээ.
Токиод болсон энэ уулзалтад Японы Сангийн сайд Сүзүки Шуничи, Өмнөд Солонгосын ижил түвшний сайд Чу Кюн-Хо нар оролцсон байна. Хоёр цаг шахам үргэлжилсэн уулзалтын явцад талууд хоорондын своп хэлцлийг сэргээхээр тохирчээ.
Ингэснээр санхүүгийн зах зээлүүд дэх донсолгоо, эсвэл гэнэтийн бусад нөхцөл байдлаас үүдэлтэй онц байдал үүсэх нөхцөлд гадаад валют солилцох боломж бүрдэж байгаа юм.
2006 онд тус хоёр улс своп хэлцэл байгуулснаар Япон улс Өмнөд Солонгост 10 тэрбум хүртэл доллар, харин Өмнөдийн талаас Японд 5 тэрбум хүртэл доллар нийлүүлж байжээ. Энэ хэлцлийн хүчинтэй хугацаа 2015 оны хоёрдугаар сард буюу хоёр улсын хоорондын харилцаа таагүй байх үед дууссан байна.
Харин өчигдөр тохирсон шинэчилсэн хэлцлээр 10 тэрбум хүртэл доллар харилцан нийлүүлэх механизм бүрдэх юм байна. “Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, хэвийн түвшинд аваачих нь своп хэлцлийг сэргээхээр болж байгаа хэлэлцээрийн гол ач холбогдол. Тэрнээс Өмнөд Солонгосын валютын нөөц буурах, эсвэл зах зээлийг түвшитгэх шууд үр нөлөөг зорьсон хэрэг биш” гэдгийг Өмнөд Солонгосын сайд уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тэмдэглэжээ.
Мөн энэ нь хоёр талын харилцаа бэхжиж байгаагийн тэмдэг болж байгааг сайд дурдсан байна.
Токио, Сөүл хоёр 2016 оны наймдугаар сарыг хүртэл Сангийн сайд нарын түвшинд тогтмол яриа хэлэлцээ өрнүүлж ирсэн байна. Харин түүнээс хойш харилцаа муудсанаар харилцаа нь зогссон байжээ.
Уулзалтын явцад талууд экологийн цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээгээ бэхжүүлэх, Умард Солонгосын хөрөнгө мөнгө татах зорилготой хууль бус үйл ажиллагаатай тэмцэх чиглэлд хамтран ажиллахаар тохирчээ.
Япон, БНСУ валютын своп хэлцлээ сэргээхээр тохирчээ | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.