
Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Виржин Галактик” компани арилжааны нислэгийн анхны багийнхнаа сансарт амжилттай аялуулжээ.
Италийн судлаачдын багийн суусан уг пуужинт онгоц орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө АНУ-ын Нью-Мексикогийн элсэн цөл дэх сансрын буудлаас хөөрсөн байна.
Сансрын хөлөг тээсэн нисэх онгоц тэднийг эхлээд ихэнх арилжааны нисэх онгоц нисч чадахаас хавьгүй өндөрт гаргажээ.
Дараа нь сансрын хөлөг нь онгоцноос тасарч 85 км-ийн өндөрт гарсан байна. “Галактик-01” гэж нэрлэсэн аяллын бүрэлдэхүүнд Италийн Засгийн газрын захиалгын дагуу агаарын хүчний хоёр офицер, нэг инженер, өөр гурван хүн багтжээ.
Тэдгээр судлаачид агаар мандалд нэг цаг гаруйн турш байсан ч жингүйдлийн орчинд хэдхэн минут л болсон байна. Энэ үедээ тэд бичил таталцлын нөхцөлд туршилт явуулжээ.
Ийм бичил таталцлын орчин хүний бие болоод орчныг мэдрэх чадварт хэрхэн нөлөөлж байгаад хэмжилт хийх судалгаа хийсэн байна.
Италийн Агаарын цэргийн хүчний хурандаа Вальтер Вилладеи хүний талаарх судалгаанд “Шинэ хуудас нээгдлээ” гэж ярьсан байна.
Ташрамд дурдахад “Виржин Галактик” компанийг үндэслэгч Британийн тэрбумтан Ричард Брэнсон одоогоос хоёр жилийн өмнө мөн ижил нислэг үйлдэж байжээ. Тэр бас сансрыг “Хүн болгоны хүртээл болох ёстой зүйл” гэж үздэг. Тиймдээ ч ирэх наймдугаар сараас эхлэн сар бүр ийм арилжааны нислэг хөөргөхөөр төлөвлөж байна. 90 минут үргэлжлэх нислэгийн явцад жингүйдлийн нөхцөлийг цөөн хором боловч мэдрэх хүсэлтэй хэдэн зуун захиалагчийнх нь хүсэл ийнхүү эхнээсээ биелэх бололтой.
Тус компанийн үйлчилгээг авч нэг удаа сансарт аялахад 450 мянга орчим ам.доллар төлөх ёстой юм байна.
“Виржин Галактик” анхны зорчигчдоо сансарт амжилттай аялуулав | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.