Шууд Chart

АНУ: БНХАУ-ын агаарын бөмбөлөг мэдээлэл цуглуулаагүй

2023-07-01 11:46:15

Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын эх газрыг Аляскаас зүүн эргийн чигт туулсан Хятадын агаарын бөмбөлөг ямарваа нэг мэдээлэл цуглуулаагүй байна гэж Пентагон мэдэгджээ.

АНУ-ын тусгай албад, бөмбөлгийг буудаж унагасны дараа хэсгүүдийг нь цуглуулж шинжилсний эцэст ийм дүгнэлт хийжээ.

Сэжиг бүхий уг агаарын бөмбөлгийг тагнуулын мэдээлэл цуглуулж байж болзошгүй гэх үндэслэлээр “устгах арга хэмжээ” авсан гэдгээ Америкийн албаныхан мөн мэдэгдсэн байна.

Пентагоны төлөөлөгч Пэт Райдер хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ, Хятад, АНУ-ын харилцаанд чамгүй асуудал дагуулсан хэрэг явдлыг сөхөж ярьжээ. Тэрбээр агаарын бөмбөлөг “Тагнуулын мэдээлэл цуглуулах чадамжтай гэдгийг АНУ мэдэж байсан. Гэхдээ Америкийн нутаг дээгүүр гарах үедээ мэдээлэл цуглуулаагүй болох нь сая тогтоогдсон” гэж мэдэгджээ.

Тагнуулын мэдээлэл цуглуулж байж болзошгүй үйлдлийг таслах зорилгоор АНУ-ын авсан арга хэмжээ, тухайн агаарын бөмбөлгийг ноцтой мэдээлэл цуглуулах чадамжгүй болоход “дөхөм үзүүлсэн” гэдгийг Пентагоны төлөөлөгч мөн дурдсан байна.

Харин уг агаарын бөмбөлгөд Америкийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд суурилуулсан байсан талаарх “Уолл стрит жорнэл” сонинд гарсан мэдээллийг энэ төлөөлөгч батлаагүй, гагцхүү Хятадын нисгэгчгүй онгоцуудад урьд нь АНУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд ашиглаж байсан талаар дурджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Жо Байдений тушаалаар Атлантын далайн эрэг орчимд байлдааны нисэх онгоцноос буудаж унагасан агаарын бөмбөлөг Америк, Канадын нутаг дээгүүр долоо хоног орчим хөөрсөн юм.

Бөмбөлөгт суурилуулсан мэдрэгчүүдийг дараа нь далайгаас олж шинжилжээ. Агаарын бөмбөлөг нутаг дэвсгэрийнх нь дээгүүр гарах үедээ чухал цэргийн баазуудад ойрхон ниссэн нь Бээжингийн мэдээлэл цуглуулах төхөөрөмж байж болзошгүй гэдэг хардлагыг улам дэвэргэсэн юм.

Хятадын албаныхан харин цаг уурын зориулалттай ердийн бөмбөлгийг АНУ буудаж унаган “Хэрээс хэтэрсэн үйлдэл” хийсэнд Вашингтоныг буруутгаж байсан.

Энэ явдлаас үүдэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжинд хийх айлчлал цуцлагдсан юм. Талууд дахин хэлэлцсэний эцэст айлчлал энэ сарын эхээр болсон билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: БНХАУ-ын агаарын бөмбөлөг мэдээлэл цуглуулаагүй   
Үзсэн: 418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй